Гэмт хэргийн бүлгүүдийн хүчирхийллийг зогсоохын тулд Хайти улсад олон улсын зэвсэгт хүчнийг илгээх төлөвлөгөөг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл дэмжжээ.
“Gang Suppression Force” (GSF) гэж нэрлэж буй уг зэвсэгт хүчин 5,550 хүртэл тооны цэрэг, цагдаагаас бүрдэх бөгөөд гэмт хэргийн бүлгийн гишүүдийг баривчлах эрхтэй байх гэнэ.
Өмнө нь НҮБ ижил зорилгоор Африк тивийн Кени улсын тэргүүлсэн 2,500 хүртэл бие бүрэлдэхүүнтэй олон улсын зэвсэгт хүчнийг 2023 онд Хайтид илгээж байсан ч үр дүнд хүрээгүй юм.
Карибын тэнгисийн Хайти улсад 2021 онд ерөнхийлөгч нь алагдсанаас хойш эмх замбараагүй байдал ноёрхож, засгийн газар нь гэмт хэргийн бүлгүүдтэйгээ тэмцэж дийлэхгүй болоод байгаа.
Зөвхөн 2024 онд гэмт хэрэгтнүүдийн хүчирхийллийн улмаас тус улсад 5,500 гаруй хүн амиа алдсан байна.
Одоо ийм зэвсэгт бүлгүүд Хайти улсын нийслэл Порт-О-Прэнс хотын 85 хувийг хянаж байгаа гэдэг.
Хайтид дэг журам тогтоохын тулд илүү том олон улсын зэвсэгт хүчнийг илгээх санал АНУ гаргасныг НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Мягмар гарагт баталжээ.
Одоогоор НҮБ-ын өмнөх тогтоолын дагуу Хайтид гадаадын 1,000 хүрэхгүй тооны алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Энэ нь тус улсад дэг журам тогтооход хангалттай хүрэлцэхгүй байгааг НҮБ-д суугаа АНУ-ын элчин Майк Уолц мэдэгджээ.
“Өнөөдрийн санал хураалт нь бидэнд өмнөхөөсөө тав дахин том, илүү эрх мэдэлтэй шинэ зэвсэгт хүчнийг илгээх эрх олгож байна” гэж тэр хэлсэн юм.
Одоогоор GSF хүчнийг хэзээ илгээх, ямар улсууд бүрдүүлэх талаар мэдээлэл өгөөгүй байна.
Хүчирхийлэл гаарсны улмаас 1.3 сая хүн орон гэрээ орхин Хайти дотроо дүрвэсэн гэх тоо баримт бий.
Гэмт хэргийн бүлгүүд газар нутгаа тэлж, аллага, хүний наймаа, хүүхдийн мөлжлөг зэрэг хүний эрхийг зөрчсөн үйлдлүүд улам эрчимжсэнийг НҮБ мэдээлж байгаа.
НҮБ дахь Хайти улсын элч Эрик Пьер энэ удаагийн шийдвэрийг “манай улсын түүхэнд тохиосон хамгийн хүнд хэцүү сорилтуудын нэгтэй тэмцэх үйлсэд эргэлтийн цэг болно гэж бодож байна” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!