Нийслэлд өнөөдрийн байдлаар 373 цэгт миддлингийн түлшийг борлуулж байгаа бөгөөд “Сайн” карт болон “Хотула” аппликэйшнийг ашиглан долоо хоногт долоон шуудайг авах боломжтой байна.
Энэ тухай Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газраас "Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 373 борлуулалтын цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна.
Энэ жил иргэд “Хотула” аппликэйшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой.
“Хотула” аппликэйшнийг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхнийхээ QR кодоор түлшээ худалдан авч болно.
Борлуулалтын цэгээр өдөрт 5,000 тонн буюу 200 шуудай сайжруулсан шахмал түлш худалдаалагдаж байна.
Аравдугаар сарын нэгний өдрөөс хагас коксон шахмал түлш худалдаалж эхэлнэ” гэлээ.
Сайн картгүй болон аппликэйшн ашиглах боломжгүй иргэдэд иргэний үнэмлэхний ард байрлах QR кодыг ашиглан худалдан авалт хийх боломжийг ирэх сарын 1-ээс нээхээр хөгжүүлэгч компанийнхан ажиллаж байгаа аж.
2025 оны арванхоёрдугаар сарын 15-наас Сайн картыг хэрэглээнээс бүрэн халах тул түлш хэрэглэгч, иргэд гар утсандаа “Хотула” аппликэйшнийг татаж авахыг сануулав.
Түүнчлэн бороо орж байгаа үед галаа түлж яндангаа сугалан өрхөө бүтээх нь угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг тул эрсдэлтэй үйлдэл бүү хийгээрэй. Яндан, зуух пийшингээ хөөлж, угаар мэдрэгчээ ажиллуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй гэж зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!