Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амартүвшин: Угаар мэдрэгчээ ажиллуулахгүй байгаа айл өрхөд түлш зарахгүй байх хүртэл арга хэмжээг хэрэгжүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд суурилуулж байгаа угаар мэдрэгчийн үнэ болон иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадах эсэх асуудал НИТХ-ын танхимд яригдав.

Тухайлбал төлөөлөгч О.Зундуйдорж: Юм хийж чаддаггүй улсын зовлон их юм. Түүхий нүүрсийг Хятад руу экспортолж, буцаагаад коксжсон нүүрсийг өндөр үнээр худалдаж авч байна. Утаа гэдэг бол бодит амьдрал дээр ядуурал. Бид утаатай тэмцээд байгаа юм. Уг нь УИХ, Засгийн газар ядууралтай тэмцэх ёстой. Даанч биднээс долоон дор нөхдүүд тэнд дураараа дургиж, уялдаа холбоогүйн улмаас олон тэрбум төгрөгийг шатаасан. Өөрсдийн гэсэн үйлдвэр байхгүйн зовлон.

Гал түлээд угаасаа л утаа гарна. Утаа нь угаар үүсгэж, иргэдийн эрүүл мэнд, амь настай шууд холбоотой. Угаар мэдрэгчийн 45,000 төхөөрөмжийг нэмж худалдаж авах юм байна. Тендерт хэдэн компани оролцсон бэ?.

2025 оны аравдугаар сарын 1-нээс 2026 оны зургаадугаар сарын 1-н хүртэлх хугацаанд хагас кокс түлшнээс угаартаж хүний амь нас эрствэл шийдвэрийг гаргасан хүмүүс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу?

Иргэд газ, нүүрснээс татгалзвал цахилгаан эрчим хүчний үнийг нэмэх үү? гэв.

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Монгол Улсад хагас коксын үйлдвэргүй. Уг үйлдвэрийг барих судалгааг хийх үүргийг Засгийн газраас өгсөн. 14-16 сарын дотор төр хувийн хэвшлийн түншлэлээр Багануурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах судалгаа гараад буй.

Угаарын хийд хүний амь нас эрстэхээс сэргийлж, ухаалаг мэдрэгчийг суурилуулж, хяналтаа тавина. Иргэнд түлш худалдахдаа Хотула системээр тухайн айлын угаар мэдрэгч холбогдсон эсэх, ажиллаж байгаа үгүйг хянана. Хэрэв угаар мэдрэгчээ ажиллуулаагүй бол 1-2 удаа сануулга өгнө. Айл өрхийн угаар мэдрэгч салсан мэдээлэл нэгдсэн системд шууд ирдэг болж байгаа тул оршин суугчдад мэдэгдэнэ. Угаар мэдрэгчээ ажиллуулахгүй байгаа айл өрхөд түлш зарахгүй байх хүртэл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ нь иргэдийн амь насыг хамгаалах арга гэдгийг зөвөөр ойлгоорой. 

Цахилгаан эрчим хүчний үнийг комисс тогтоодог. Энэ өвөл цахилгааны хөнгөлөлтийг үзүүлнэ. 

"Тавантолгой түлш" компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр: 306,000 тонн хагас кокс түлшийг 226 тэрбум төгрөгөөр, нэг тонныг  738,000 орчим төгрөгөөр тооцож худалдаж авч байгаа. Үүнд Хятад талын тээвэр, ачилтын хөлс шингэсэн. Манай компани миддлингийн шахмал нэг тонн түлшийг 900 мянган төгрөгөөр үйлдвэрлэдэг байсан. 

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар: Энэ онд 51,000 болон 61,000 угаарын мэдрэгч худалдаж авах хоёр удаагийн тендерийг зарласан юм. 51,000 угаарын мэдрэгчийг шууд аргыг ашиглаж худалдан авсан. Энэ тухай гэрээг АТГ-т хүргүүлсэн байгаа. Харин дараагийн буюу 61,000 ширхэг угаарын хий мэдрэгчийг худалдаж авах тендер зарлаж гурван компани саналаа ирүүлсэн юм. Өмнө нь гэрээ байгуулж байсан компани сонгон шалгарсан. Угаарын мэдрэгч нь интернэт, шилэн кабель, Юмсын интернэт буюу нам долгионыг ашиглаж дамжуулах боломжтой. Хамгийн зардал багатай Юмсын интернэт буюу IoT технологийг ашигладаг. Тендерт уг технологийн дэд бүтцийг хангасан компанийг орох шаардлагыг тавьдаг юм. Бусад өндөр үнэтэй интернэтийн төлбөрийг иргэд төлөхгүй гэдэг.

Төлбөрөө төлөөгүйгээс угаар мэдрэгч ажиллахгүй байх ёсгүй.