Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлжээ.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр эхний ээлжид нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан нийт 1,370 тонн шахмал түлшийг худалдаанд гаргасан байна. Цаашид нийт 400 цэг ажиллана.
Нэг шуудай шахмал түлш 3,750 төгрөг бөгөөд иргэд “HOTULA” аппликэйшн болон “Сайн” картыг ашиглан түлш худалдан авах боломжтой байна. “HOTULA” аппликэйшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай шинэ аппликэйшн аж.
“Тавантолгой түлш” компани энэ өвлийн хэрэгцээнд нийт 42,635 тонн шахмал түлшийг нийслэлийн гэрээт 20 агуулахад нөөцөлжээ.
Харин Хятадаас худалдаж авах хагас кокс түлшийг аравдугаар сарын 1-нээс борлуулж эхэлнэ гэж мэдэгдээд байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!