Карибын тэнгист хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэж буй АНУ-ын байлдааны хөлөг эдийн засгийн тусгай бүсэд нь хөвж байсан загас агнуурын завийг эзэлж, найман цагийн турш саатуулсан тухай Венесуэлийн эрх баригчид Бямба гарагт мэдээлжээ.
Есөн загасчинтай тус завийг АНУ-ын тал “хууль бус, дайсагнасан” арга барилаар саатуулсныг Венесуэлийн гадаад хэргийн яам мэдэгдэлдээ шүүмжилсэн байна.
“Зэвсэглэсэн 18 алба хаагчтай байлдааны хөлөг гэм хоргүй, жижиг завийг эзэлж, найман цагийн турш саатуулсан байна. Энэ бол зэр зэвсгийг хэтрүүлэн ашигласан хууль бус, өдөөн хатгасан үйлдэл юм” гэж мэдэгдэлд өгүүлжээ.
Мөн ийм тушаал өгсөн хүмүүс “Венесуэлийн засгийн газрыг түлхэн унагах зорилготой дайныг Карибын тэнгист эхлүүлэх шалтаг хайж байна” гэж шүүмжилсэн байна.
Мэдэгдэлд цааш нь Карибын бүс нутгийн аюулгүй байдал, энх тайванд заналхийлсэн үйлдлээ нэн даруй зогсоохыг АНУ-аас шаарджээ.
Өнгөрсөн сард АНУ-ын засаг захиргаа байлдааны хөлгүүдээ Карибын тэнгисийн өмнөд хэсэгт байрлуулсны дараа хоёр улсын харилцаа хурцадсан юм.
АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог кокаины наймааны картелийг далдаас удирддаг хэмээн буруутгаж, түүнийг баривчлахад тусалбал өгөх шагналын хэмжээг хоёр дахин өсгөн $50 сая болгож байв.
Энэ сарын эхээр АНУ-ын байлдааны хөлөг Венесуэлийн эргээс хар тамхи тээвэрлэж явсан үндэслэлээр нэг завийг устгахад дээр нь зорчиж явсан 11 хүн алагдсан юм.
Трамп уг завийг Мадуротой холбоотой Венесуэлийн гэмт хэргийн бүлэглэл Трен де Арагуагийн өмч болохыг мэдэгдэж байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!