Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Ленноны амийг хөнөөсөн этгээд 14 дэх удаагаа өршөөл хүсээд татгалзсан хариу авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

1980 онд Битлз хамтлагийн гишүүн Жон Ленноны амийг Манхэттэн дэх гэрийнх нь гадаа хөнөөж байсан этгээд 14 дэх удаагаа өршөөл хүсээд татгалзсан хариу авсныг Нью-Йоркийн шоронгийн захиргаа өчигдөр мэдээлжээ.

Өдгөө 70 настай Марк Дэвид Чапмэн наймдугаар сарын 27-ны өдөр хүсэлтээ өршөөлийн зөвлөлд гаргасан нь саяхан шийдэгдсэн юм байна.

Тэрбээр 1980 оны арванхоёрдугаар сарын 8-ны шөнө гэргий Йоко Оногийн хамт гэртээ буцаж ирсэн Ленноныг буудан хөнөөж байжээ.

Тухайн өдрийн өглөө Чапмэн “Double Fantasy” цомгийнх нь нүүрэн дээр Ленноны гарын үсгийг зуруулан авч байсан гэдэг.

зураг
 

Нэрт дуучныг алснаасаа хойш хэдхэн минутын дараа Чапмэн хэргийн газрын ойролцоо Ж.Д.Сэлинжерийн “The Catcher in the Rye” номыг гартаа барин сууж байгаад цагдаа нарт баригдсан юм.

Чапмэн өмнө нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг илэрхийлж байжээ.

Гурван жилийн өмнө тэр өршөөлийн зөвлөлд хандахдаа “Би юу хийж байгаагаа, муу зүйл хийж байгаагаа, буруу зүйл хийж байгаагаа мэдэж байсан. Гэхдээ би алдар нэртэй болохыг маш их хүсэж байсан тул бүхнээ зориулахад бэлэн байсан. Тиймээс би хүний аминд хүрсэн юм” гэж хэлсэн байдаг.

Одоо Чапмэн шүүхээс оноосон бүх насаар хоригдох ялыг Нью-Йорк хотын хойд хэсэгт оршдог Грин Хэйвэн хорих ангид эдэлж байгаа юм.

Түүний дараагийн өршөөлийн хүсэлтийг зөвлөл 2027 оны хоёрдугаар сард сонсох юм байна.

 

Эх сурвалж: Associated Press