Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Баттулга: Геологийн төв лабораториос Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлын явц 50 хувьтай байна

Б.Манлай
2025 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Энхтайвны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл нийт 11.6 км урт явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Үүний нэг хэсэг болох Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх ажлыг “Бадрах инженеринг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажлын явц 50 хувьд хүрчээ.

Энэ тухай тус компанийн төслийн менежер Ө.Баттулга "Хархорины гүүрнээс 32 дугаар байр хүртэлх хэсэгт явган хүний замын ажилд ашиглаж буй чулууг Хонхорт байрлалтай “Үүдэн чулуу” ХХК-аас нийт 3,500 ам.метр чулуу авч, өнөөдрийн байдлаар 3,490 ам.метр чулуугаар явган хүний замыг шинэчилж дуусгаад байна.

Уг чулуун замыг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр дөрвөн метр өргөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг суурилуулсан.

Явган хүний замын хуучин хавтангуудыг Сонгинохайрхан дүүрэгт хүлээлгэн өгч байгаа. Шинээр тавьсан явган хүний зам дээгүүр автомашин гарах асуудлууд гарлаа.

Жишээлбэл автомашин гарч ирээд техникийн тос асгарсан тохиолдол гарсан. Шинэ хийсэн явган хүний замуудыг бэхжих хүртэл гэмтээхгүй байх хэрэгтэй. Явган хүний зам дээр автомашин явах даацгүй.

Манай ажилчид тухайн ажил хийж буй байршилдаа байрлаж бараа материал, ажлаа хянаж байгаа юм” гэв.

Тус байршлын явган хүний замын хавтанг чулуун болгох ажлыг есдүгээр сарын 25-наас өмнө дуусгах гэрээтэй байна.