Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг үндэсний үйлдвэрлэгч “ТАСО” ХХК гүйцэтгэж байна. Тус компанийн ажил гүйцэтгэж байгаа “ТБД Андууд” орчимд наймдугаар сарын 13-ны шөнийн 23:00 цагт явган хүний замыг хийж дуусгаад, хатааж бэхжүүлэх зорилгоор хаалт тавьжээ. Гэвч тухайн шөнө 189 ам.метр талбайд явган хүний замыг эвдсэн тохиолдол гарчээ.
Тус газар дээр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “ТАСО” компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр нар ажиллаж, мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Дөнгөж өчигдөр тавиад суулт авч, хатаж, бэхжээгүй явган хүний зам дээр мебель ачсан хүнд даацын хоёр машин зориудаар явсан байна. Улмаар нэлээд хэсэгт чулуун хавтангууд хагарч, тэр чигээрээ хөдөлгөөд орсон байна” гэв.
Төв аймаг дахь өөрийн үйлдвэрийн ордоосоо чулуугаа олборлож, бэлтгээд чулуун зам тавьж байгаа үндэсний үйлдвэрлэгч “ТАСО” компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр “Наймдугаар сарын 13-ний шөнийн 23:00 цагт бид энэ хэсэгт явган хүний замын ажлаа хийж дуусгаад буусан юм. Өглөө ирэхэд хүнд даацын машинаар 90 чулуу хагалсан. 189 ам.метр талбайг дахин хуулж, ажлыг дахин хийхээс өөр аргагүйд хүрлээ. Энэ талбайг гэмтээхээс гадна автобусны буудлын замыг хүртэл гэмтээсэн гэдэг нь тодорхой байна.
Шинэ хийсэн явган хүний зам дээр хаалт хийгээд явсан ч гэсэн хаалтуудыг холдуулж тавьсан нь бичлэг дээр харагдаж байсан. Цагдаагийн байгууллагад албан ёсны гомдол гаргана. Мебель ачсан хүнд даацын машинууд явган хүний замыг гэмтээсэн нь бичлэгт харагдаж байна” гэлээ.
Түүнчлэн Нэгдүгээр хорооллын урд талын хэсэгт хийгдсэн явган хүний зам дээр иргэд оройн цагаар тээврийн хэрэгслээ байрлуулж орхих, технологийн дагуу бэхжилтээ авч дуусаагүй байхад замыг эвдэх тохиолдол гарчээ.
“ТАСО” компаниас Чех улсад хоёр жил туршлага судлаад 32-ын тойрогт хуурай аргын технологиор буюу өвлийн улиралд явган хүний замыг тавьсан.
Монголд анх удаа 8,400 ам.метр чулуун явган замыг стандартын дагуу өөрсдөө олборлож, бэлтгэсэн чулуугаар ийнхүү тавьж байжээ. Гэтэл зам тавьснаас хойш гурван ч удаа дандаа хүний оролцоотой тус замыг эвдсэн тохиолдлууд байгаа юм. Явган хүний замын ажил гүйцэтгэх хугацаанд ажлыг нь үнэлж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих иргэд ч байхад явган хүний замыг эвдэх тохиолдлууд ч цөөнгүй гардаг байна. Тиймээс Улаанбаатар хотын гол, гудамж замуудыг нэг стандартад оруулж байгалийн чулуугаар шинэчлэх ажлыг иргэд дэмжиж, явган хүний замыг эвдэхгүй байгаасай гэдгийг гүйцэтгэгчид хэлж байлаа.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!