Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр гэгээний даншигт барилдахаар бүртгүүлсэн Хидетора Ханада гэж хэн бэ?

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Asashoryu Yokozuna Akinori хаягнаас авав

Анхдугаар богд Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг энэ сарын 26-наас 27-ныг дуустал Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно.

Наадмын түрүү бөхийг "Ланд круйзер 300" автомашинаар байлах тус даншигт нийт 512 хүчтэн зодоглох юм. Одоогийн байдлаар нэг аварга, дөрвөн арслан, зургаан заан, 14 харцага тэргүүтэй 40 гаруй улсын цолтон, 430 бөх бүртгүүлжээ.

Тэгвэл бүртгүүлсэн бөхчүүд дундаас онцгойрох хүн бол Японы Хидетора Ханада юм.

Өдгөө 23 настай, сонирхогчдын сүмогийн залуучуудын дэлхийн аварга япон эрийг мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж даншиг наадамд барилдуулахаар "Asa Land Resort" амралтын газарт бэлдэж буй.

зураг
 
Хувийн хаягнаас авав.

Тэрбээр ахлах сургуулийн сурагч байхдаа сонирхогчдын сүмогийн залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д хоёр жил дараалан түрүүлж (2018, 2019), их сургуульд элссэн эхний жилээ сонирхогчдын сүмогийн ёкозүна болсон түүхтэй.

Улмаар 2022 онд АНУ-ын Бирмингем хотод болсон 11 дэх удаагийн "World Games"-т сүмогийн төрлөөр хүнд жинд аваргалж байв. Ингэхдээ хожим мэргэжлийн сүмогийн 75 дахь ёкозүна болсон Оносатог ялжээ.

Гэхдээ Х.Ханада спортын замналаа сүмогоор бус америк хөлбөмбөгөөр үргэлжлүүлсэн. Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа америк хөлбөмбөгт дурлах болсон эр 2022 онд Америк, Японы хамтарсан "X League"-д бэлтгэл хийснээр сүмогийн замналаа өндөрлүүлэхээр шийдсэн гэдэг. Улмаар 2022 оны есдүгээр сард сүмогоос зодог тайлж байгаагаа албан ёсоор зарласан.

2023 онд Японы лигийнхээ шилдэг тоглогч болсноор америкчуудын хараанд өртөж, тэр жилийнхээ зун Колорадо Стэйт их сургууль руу шилжсэнээр оюутны лиг буюу NCAA-гийн "Рэмс" багт хамгаалагчаар тоглож байна.