ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батсайхан: Даншиг наадам Х Богдын морилон саатсан үетэй давхцаж байгаа нь онцгой болно гэж бодож байна

Т.Ганхишиг, ikon.mn
2025 оны 6 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. 

Даншиг наадмын түүхээс Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан "Даншиг гэдэг үг нь бат оршил өргөх гэсэн утгатай. Богд гэгээн Лувсандамба хутагтад бат оршил өргөж, өнө удаан наслах ерөөл тавьдаг байсан. Үүнээс үүдэн Богдын Даншиг наадам эхэлсэн. Бидний суугаа Улаанбаатар хот энэ бол Богдын хүрээ. Түүхээ мэдэж Богдод хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бидний оюун санааны дархлаа, оюун санааны удирдагч байсаар ирсэн. Тийм учраас монголчууд манжийн эрхшээлийн үед урд, хойд хөршийн дарамт шахалтын үеэр өв соёлоо хадгалж үлдэж чадсан.

Богд хааны зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг гэж байдаг. Энэ бичигт дөрвөн том их баярыг монголчууд тэмдэглэж байна гэж хуульчилсан байдаг. Энэ дөрвөн том баярын нэг нь Богдын Даншиг наадам юм. Богдын Даншиг наадмын өмнөх өдөр дээр үед бол дөрвөн Хан аймгийн төлөөлөгч нар одоо бол тэргүүн сайдууд очиж маргааш даншиг өргөнө гэдгийг айлтгадаг юм байна.

Даншиг наадам нь өв соёлоо мэдэж авахад онц чухал ач холбогдолтой. Дээрээс нь оюун санааны хувьд нэгдмэл байх, дэмжих, биесийнхээ нутгийн сонин сайхныг хуваалцах зэрэг утга агуулгатай.

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг Монгол Улсын засгийн газрын тогтоолоор тэмдэглэж байгаа. Энэ жилийн Богдын Даншиг наадам бол бурхны шашны шинэ тэргүүн маань заларсан (2023 оны гуравдугаар сарын 8-нд Далай багш дэлхий нийтэд Х Богдыг зарласан) энэ үед итгэл найдвар, эрч хүч өгсөн Х Богдтойгоо тэмдэглэж байгаа. 

20 дугаар зууны эхэн үеийн монголчуудад тодорхой харагддаг зүйл нь Богдын дүрийг харсан монголчуудын нүд баясаж сэтгэл сэргэдэг. Үүний тулд мөргөж, залбирч, адис авах гэж хүрээнийхэн цугладаг. Энэ жил Богдын Даншиг наадам Х Богдын морилон саатсан энэ үетэй давхцаж байгаа нь онцгой болно гэж бодож байна" хэмээн ярилаа.