Оросын талд байлдаж байсан Хятад улсын хоёр иргэнийг Украины цэргүүд олзолсныг ерөнхийлөгч Зеленский өчигдөр мэдээлжээ.
“Оросын армийн бүрэлдэхүүнд байлдаж байсан Хятадын хоёр иргэнийг манай цэргүүд олзолжээ. Тэднийг Украины нутаг дэвсгэр Донецк орчмоос олзолсон байна. Бидэнд тэдний бичиг баримт, банкны карт, хувийн мэдээлэл байгаа” гэж Зеленский сошиал хуудсаараа мэдээлээд олзны хоёр хүний нэгнийх нь дүрс бичлэгийг нийтэлсэн байна.
Дүрс бичлэгт цэргийн хувцастай эрэгтэй мандарин хэл, дохио зангаа ашиглан Украины албаныхантай ярьж байгааг харуулжээ.
Тэдгээрийг Хятад улсаас албан ёсоор илгээсэн цэргүүд биш, харин Оросын армитай гэрээ байгуулсан хувь хүмүүс байж магадгүй гэж албаныхан үзэж байна.
“Одоогоор юу ч тодорхой болоогүй байна. Тэднийг СБУ-д (Украины аюулаас хамгаалах алба) шилжүүлсний дараа мэдүүлэг авч, хэн болохыг нь тогтооно” гэж Киевийн албаны эх сурвалж ярьжээ.
Олзлогдсон хоёрын нэгний бичиг баримт дээр 1991 оны зургаадугаар сарын 4-нд төрсөн хань үндэстэн гэж хэвлэсэн байна.
Одоогоор тэдний тухай Москва, Бээжингийн аль нь ч ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.
Харин Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига тус улс дахь Хятад улсын хэргийг түр хамаарагчаас тайлбар шаардсан тухай сошиал хуудсаараа мэдээлжээ.
“Хятадын иргэд Украины нутаг дэвсгэрт Оросын эзлэн түрэмгийлэгч армийн нэг хэсэг болон байлдаж байгаа нь Хятад улсын энх тайванч байр суурьт эргэлзээ төрүүлж, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын хариуцлагатай гишүүнийх нь хувьд итгэх итгэлийг алдагдуулж байна” гэж тэр бичсэн байна.
Хятад улс өөрийгөө энэ дайнд төвийг сахигч тал гэж тодорхойлж, дайтагч талуудын аль нэгэнд зэр зэвсгийн тусламж үзүүлэхээс эрс татгалзаж байгаа.
Гэхдээ НАТО-гийн удирдлагууд Хятад улсыг санхүү болон технологийн хувьд Оросын эзлэн түрэмгийллийн гол дэмжигч гэж үздэг.
Мөн Хятад улс нь Москвагийн эрх баригчдын Украинд явуулж буй үйл ажиллагааг хэзээ ч буруушааж байгаагүй юм.
Украины засгийн газар дайныг зогсоох шахалт Москвад үзүүлэхийг Хятадын талаас удаа дараа хүсэж байгаа.
Илүү олон тооны Хятадын иргэд Оросын армид байлдаж буйг нотлох баримт Киевт байгаа бөгөөд энэ талаар Бээжингийн байр суурийг сонсох чиглэлийг гадаад хэргийн яамандаа өгснийг Зеленский өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
Тэр бас АНУ, Европ болон энх тайвныг хүсэгч бүх улс орнуудаас энэ тал дээр байр сууриа илэрхийлэхийг уриалсан байна.
“Умард Солонгосын цэргүүд Курск мужийн нутагт бидний эсрэг тулалдаж байсан. Одоо Хятадын иргэд Украины нутаг дэвсгэр дээр байлдаж байна. Энэ бол бидний хувьд холбоотнуудтайгаа яаралтай хэлэлцэх ёстой чухал асуудал гэж би үзэж байна” гэж Зеленский хэлжээ.
Хятад улстай харилцаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзэж байгаа Украины засгийн газар энэ долоо хоногт шинэ элчин сайдаа Бээжинд илгээх юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
165 СЭТГЭГДЭЛТЭЙ
|