Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлт 82 хувьтай байгааг хэлэлцжээ.
Мөн нийслэлд хэрэгжиж байгаа явган замын нөхөн сэргээлтийн ажлууд болон нийслэлийн хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар холбогдох албаныхан танилцууллаа. Тухайлбал нийслэлийн Засаг даргаас худалдан авах ажиллагааны эрх шилжин ирсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт 94.4 хувьтай байгаа аж.
Харин нийслэлийн дүүргүүд өвөлжилтийн бэлтгэл ажил, давс, бодисын нөөцлөлт, хот нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангажээ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга дараах үүрэг даалгаврыг өгсөн байна.
- Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэг, кабель, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг тогтмол хийж, явган замыг стандартад нийцүүлэх,
- Өвлийн оргил ачааллын үед цахилгаан хангамж, шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангах хүрээнд үзлэг шалгалтыг тогтмол хийж, их болон урсгал засварыг батлагдсан төлөвлөгөөт хугацаанд гүйцэтгэх,
- Цахилгаан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн Баянжаргалан суман дахь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нэгдүгээр блокийн 150 мВт, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 50мВт-ын хүчин чадалтай батарей станцыг цахилгаан эрчим хүчний системд холбох ажлыг эрчимжүүлэх,
- Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын гадна зам талбай, зогсоол, шатахуун түгээх станцуудын орц, гарцын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих, эвдрэл гэмтлийг засах ажлыг эрчимжүүлж, дуусгах,
- Теле камерын нэгдсэн төвийн техник, тоног төхөөрөмж, систем, программ хангамж төслийн ажлыг эрчимжүүлэх,
- “Нисэхийн тойрог уулзвараас Сансарын аюулгүйн тойрог уулзвар хүртэлх авто замын дагуу тусгай замын автобус/BRT/ зорчих хэсгийн инженерийн дэд бүтцийн урьдчилсан судалгаа”-г боловсруулах ажлын явцыг танилцуулах.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!