Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүйсээ солиулсан тамирчинтай оноолт таарсан Италийн эмэгтэй боксчин тэмцээнээ эрт дуусгалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Парисын зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн боксын төрөлд өрсөлдсөн Италийн тамирчин Анжела Карини өчигдөр Алжирын тамирчин Иман Хелифтэй хийсэн тулаанаа ердөө 46 секундийн дотор дуусгажээ.

Хелиф нь хүйсээ солиулсан тамирчин бөгөөд Карини хүч тэнцвэргүй тулаанд амь нас, эрүүл мэндээ золиослохыг хүсээгүй тул ийнхүү өөрийн хүсэлтээр эрт зогсоосон байна.

Парисын эмэгтэйчүүдийн боксын төрөлд хүйсээ солиулсан хоёр тамирчин өрсөлдөж байгаагийн нэг нь Хелиф юм.

Тэрбээр өнгөрсөн оны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс бие махбодын шаардлага хангаагүй шалтгаанаар хасагдаж байжээ. Тухайлбал шинжилгээгээр тестостерон дааврын хэмжээ хэт өндөр гарсан шалтгаанаар хасагдсан юм.

“Би тоглолтоо дуусгаж чадсангүй. Хамартаа хүчтэй цохиулснаас маш их өвдөж байна. Би өөрийн туршлага чадварт найдаж байсан ч үргэлжлүүлж чадсангүй. Миний шийдвэрийг миний эх орон, миний аав буруугаар хүлээж авахгүй гэж би найдаж байна. Би өөрийгөө бодоод зогсоолоо. Энэ насны минь ганц тоглолт байж болох байсан ч би амь нас, эрүүл мэндээ бодох хэрэгтэй байлаа. Би айгаагүй, би дэвжээнээс айдаггүй. Гэвч энэ удаа бүх зүйлээ золиослохын оронд би энэ тэмцээнийг золиосоллоо. Учир нь би үргэлжлүүлэх боломжгүй болсон” гэж Карини тэмцээний дараа ярьжээ.

зураг
 
Анжела Карини

Өрсөлдөгчийнхөө талаар ярихдаа тэр “Би түүний цаашдын өрсөлдөөнд амжилт хүсэж байна. Өрсөлдөөн нь сайнаар дуусаасай гэж хүсэж байна. Би хэн нэгнийг шүүдэг хүн биш. Би энд бусдыг шүүх гэж ирээгүй” гэсэн байна.

Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони тамирчныхаа тоглолтын талаар хэвлэлд ярихдаа “Өрсөлдөөн ижил тэгш нөхцөлд болох ёстой гэж би боддог. Миний бодлоор энэ тэмцээн хүч тэнцвэргүй боллоо” гэжээ.

Дэлхийн боксын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаггүй Олон Улсын Олимпын Хороо энэ удаа хүйсээ солиулсан тамирчдад эмэгтэйчүүдийн тэмцээнд өрсөлдөх боломж олгосон юм.

Өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан хүрэл медалиа ижил шалтгаанаар хураалгасан Тайванийн трансжендэр тамирчин Лин Юү Тин өнөөдөр Парисын дэвжээнд гарах юм.

Олон Улсын Олимпын Хорооны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс өнгөрсөн Мягмар гарагт дээрх тамирчдыг өмгөөлж ярихдаа “Эдгээр тамирчид өмнө нь олон жил олон тэмцээнд орж байсан. Токиогийн олимпын наадамд ч орсон. Тэд гэнэт гарч ирээгүй” гэж байжээ.

Хелиф маргааш буюу Бямба гарагт Унгарын боксчин Анна Лука Хаморитой 66 кг-ийн жинд өрсөлдөх юм.

Хамори “Миний сэтгэл зүй хэзээ ч бууж өгдөггүй. Юу болох нь надад хамаагүй. Каринигийн шийдвэр өөрийнх нь сонголт байсан. Би эцсээ хүртэл өрсөлдөнө. Юу болохыг харцгаая. Юу үнэн, юу шударга болохыг би мэдэхгүй. Би зүгээр л ялахыг хүсэж байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: BBC