Уншиж байна ...

Сонгогчдоос нэгээс дээш хувийн санал авсан ЕСӨН НАМ дараах санхүүжилтийг авна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгууль 70 орчим хувийн ирцтэйгээр өндөрлөж, үр дүнгээ нээлттэй зарласан. 

Энэ удаагийн сонгуульд нийт сонгогчоос нэгээс дээш хувийн санал авсан есөн нам байна. 

"Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нийт сонгогчийн нэгээс дээш хувийн дэмжлэг авсан бол улс төрийн намын санхүүжилтийг авах эрхтэй болдог" хэмээн Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлсэн. 

Тодруулбал 

  1. МАН 35%
  2. АН 30.1%
  3. ХҮН нам 10.4%
  4. Үндэсний Эвсэл 5.2%
  5. Иргэний Зориг Ногоон Нам 5%
  6. Шинэ Нэгдсэн Эвсэл 4.8%
  7. Үнэн ба Зөв Нам 2.8%
  8. Иргэний Хөдөлгөөний Нам 1.4%
  9. Бүгд Найрамдах Нам 1.3%-ийн дэмжлэг авснаар холбогдох хуулийн заалтыг үндэслэн улс төрийн намын санхүүжилт авах эрхтэй болж байна. 
iKon.mn сайтын "Сонгууль 2024" хуудаснаас УИХ-ын 13 тойргийн болон нам, эвсэл, нэр дэвшигч бүрийн авсан саналын мэдээг хүлээн авна уу.

Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйл. Төрийн санхүүжилт

27.1.Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид "нийт сонгогч" гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно.
27.3.Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.

Тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1. Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам нь сонгуулийн бус жилд төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг дараах хэлбэрээр авах эрхтэй. 

30.1.1.намын удирдах дээд байгууллагыг хуралдуулах, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хурал зохион байгуулах, иргэдийг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглах;
30.1.2.намын хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх,
30.2.Энэ хуулийн 30.1-д заасан шууд бус дэмжлэг авах тухай намын хүсэлтийг 30 хоногийн дотор сонгуулийн төв байгууллага шийдвэрлэнэ.
30.3.Энэ хуулийн 30.1.1-д заасан байгууллага уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимаа үнэ төлбөргүй ашиглуулах, энэ хуулийн 30.1.2-т заасны дагуу олон нийтийн радио, телевиз үнэ төлбөргүй нэвтрүүлэх үүрэгтэй.
30.4.Энэ хуулийн 30.1.2-т заасан нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд төрөөс үзүүлсэн шууд бус дэмжлэгийг дурдана.
30.5.Сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс санал хураалтын дүн гарах хүртэл хугацаанд энэ хуулийн 30.1-д заасан шууд бус дэмжлэгийг намд үзүүлэхгүй.