Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэн О нь Өвөрхангайн Сант сумын АН-ын дарга Б-ийн хүзүүн тус газар цохиж, амийг нь хохироосон байж болзошгүй"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Нам(АН)-ын даргаар ажиллаж байсан Б бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна.

Энэхүү хэргийн талаар прокурорын зөвшөөрлийн хүрээнд Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас өнөөдөр мэдээлэл өглөө. 

Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "2024 оны зургаадугаар сарын 16-ны 03:20 цаг орчимд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний утсанд Өвөрхангай аймгийн Сант сумын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Энэ дагуу Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүн Сант суманд очиж, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга ажилтай иргэн Б бусдад зодуулсны улмаас нас барсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. 

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн, ахлах ажилтнууд, олон жил ажилласан туршлагатай, ур чадвартай алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.

Хэрэг гарсан шалтгаан нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдох бөгөөд урьдчилсан байдлаар хувийн таарамжгүй харилцаа, маргалдсаны улмаас иргэн О нь амь хохирогч Б-г хүзүүн тус газар нь цохиж, түүний улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Хэрэгт холбогдогч иргэн О-гийн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг шалгахад 1.28 хувийн согтолттой байсан. Амь хохирогч Б эрүүл байсан. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотолбол зохих асуудлууд бий учир гэрчүүдээс мэдээлэл авах, амь хохирсон иргэний үхэлд хүргэсэн шалтгааныг тодруулахаар шаардлагатай бүх ажиллагааг явуулж байна" гэлээ.

Түүнчлэн хэрэгт холбогдогч О-г Монгол Ардын Нам(МАН)-ын ухуулагчаар ажилладаг гэх мэдээлэл гарсан. Үүнийг ЦЕГ-аас тодруулахад "Ухуулагчийн үнэмлэх авсан эсэх нь тогтоогдоогүй" гэж хариуллаа.

Амь хохирогч болон хэрэгт холбогдогч нар нь нэг сумын иргэд байжээ. 

Мэдээллийн төгсгөлд ЦЕГ-аас "Цагдаагийн байгууллага энэ хэргийг шуурхай, шударгаар шалгаж шийдвэрлэнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Цагдаагийн байгууллагын удирдлагын шийдвэрээр мэргэжлийн баг, ажлын хэсэг байгуулж уг хэрэг дээр ажиллахаар боллоо. Улаанбаатараас бүрэлдэхүүн очиж ажиллана" хэмээв.