Монгол үндэсний хоолны сүлжээ Модерн Номадс Ресторан франчайзийн үйл ажиллагаа явуулах болсонтой холбогдуулан “Номадс Күзин” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Гэрэлцэцэгтэй ярилцлаа.
- Таныг өөрийгөө танилцуулахыг хүсэж байна?
- Танд болон энэхүү ярилцлагыг уншиж байгаа хүн бүрийн амрыг эрэн мэндчилье. Намайг Ж.Гэрэлцэцэг гэдэг одоо “Номадс Күзин” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Анх 2004 оноос “Номадс”-ын сүлжээнд ажиллаж эхэлсэн бөгөөд анхны төсөл маань Монгол дахь Америкийн анхны франчайз ресторан болох “bds Mongolian barbeque” рестораныг нээх ажил байсан. Түүнээс хойш Номадсдаа тасралтгүй 20 жил ажиллаж энэ жилээс Модерн Номадс Рестораны үйл ажиллагааг франчайзийн системээр хөгжүүлэх ажлыг хариуцаж байгаадаа баяртай байна.
- Яагаад Модерн Номадс Рестораны франчайзийг хийхээр болсон бэ? Рестораны франчайзийн онцлог юу вэ?
- Бид анхны ресторанаа нээгээд 21 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын ангилал, зэрэглэл тус бүрд өөрийн онцлог концепц бүхий үндэсний брэндүүдийг хөгжүүлэн ажиллаж байна. Эдгээрээс хамгийн анхны бас хамгийн олон байршилд олон салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй нь Модерн Номадс Ресторан байгаа. Бид компанийн Стратеги төлөвлөгөөг гаргасны үр дүнд Модерн Номадс Рестораны үйл ажиллагааг франчайзийн системээр эх орондоо төдийгүй олон улсад өргөжүүлэх шийдвэрийг гаргасан.
Дэлхий нийтэд ялангуяа АНУ болон Европын орнуудын олон мянган бизнесүүд франчайзийн системээр бизнесийн үйл ажиллагаагаа улс орондоо болон олон улсад амжилттай өргөжүүлэн тасралтгүй хөгжүүлсээр ирсэн. Франчайзийн системээр хөгжиж буй бизнесүүдээс хамгийн амжилттай хөгжиж байдаг нь хоолны газрын бизнес байдаг. Монгол улсын хувьд ч олон улсын томоохон нэр хүндтэй хоолны газруудын франчайз орж ирэн энэ салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, үйлчилгээний чанар, стандарт, ноүхауг нэвтрүүлж, энэ салбарын үйлчилгээнийхэн төдийгүй үйлчлүүлэгчдийг ч хөгжүүлж байгааг бид тодорхой харж байгаа байх.
Манай рестораныг үүсгэн байгуулагч М.Есөнмөнх захирлын хувьд энэ салбарт Монгол хоолны рестораныг сүлжээ байдлаар амжилттай хөгжүүлж, зах зээлд “Модерн Номадс” гэсэн брэнд нэр хүнд, орон зайг бий болгож чадсан. Энэхүү олон нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй, тасралтгүй явуулж байгаа үйл ажиллагааг улам өргөжүүлж, хөгжүүлэх нь бидний үүрэг гэж хардаг, нөгөө талаасаа энэ салбарт чин сэтгэлээсээ бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүст боломж олгож, хамтран ажиллахыг хүссэн.
- Модерн Номадс Рестораныг мэдэхгүй, үйлчлүүлж үзээгүй хүмүүст хандаж ямар мэдээлэл өгөх бол?
- Бид эхэндээ Модерн Номадс Ресторантай ижил төстэй салбар ресторануудаа өөр өөр нэрээр нэрлэж байгуулж байсан бол монгол хоолны соёл, уламжлал онцлогийг илтгэсэн сүлжээ рестораны байдлаар хөгжүүлэх нь илүү оновчтой гэж шийдээд, энэ чиглэлээрээ өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод таван салбар, Дархан, Эрдэнэт, Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сэлэнгэ аймагт нийт есөн салбартай ажиллаж байна. Мөн гадаадын улсуудаас ОХУ-ын Эрхүү, Улаан-Үүд, БНХАУ-ын Бээжин хотуудад ресторанаа нээн ажиллуулж байсан. Одоогоор Эрхүү хотын ресторан амжилттай ажиллаж байна.
Монголчуудын хувьд жилийн дөрвөн улиралд тохируулан нүүдэллэж, улиралдаа зохицуулан малынхаа сүү, цагаан идээ, махыг боловсруулан байгалийн ургамал, ногоо, жимс, жимсгэнээр амтлан бэлтгэж ирсэн хоол, идээ, ундааны соёлтой ард түмэн. Бид энэхүү соёлыг Модерн Номадс Ресторанд Монгол үндэсний идээ, ундаагаар үндэсний ахуй, орчин соёлыг мэдрүүлсэн орчинд Монголчуудын зочломтгой ёс заншлын дагуу үйлчлэн түгээх зорилготойгоор нээгдсэн. Бид энэхүү соёлыг түгээн дэлгэрүүлэх шаардлагатайг ойлгож “Нүүдэлчдийн соёлыг дэлхийд” хэмээх уриатай ажилладаг бөгөөд энэхүү франчайзийн үйл ажиллагаа нь ч бидний Эрхэм зорилгодоо хүрэх томоохон алхам болно гэж харж байгаа.
Монголчуудын хувьд манай ресторан өдөр тутамдаа хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амт чанартай Монгол үндэсний хоол ундаагаараа үйлчлүүлэх дуртай орчин байдаг бол гадаадын зочид жуулчдын хувьд Монгол орчин ахуйд Монгол үндэсний хоолыг амталж үзэх, идээ, ундааны соёлыг таньж мэдэхээр манай ресторануудыг зорин үйлчлүүлдэг.
- Франчайзийн эрхийг хэн авах боломжтой бөгөөд ямар шаардлагуудыг тавьж байгаа вэ?
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт бизнес эрхлэх нь нэг талаас хүмүүст аз жаргалыг мэдрүүлдэг сайхан ажил боловч нөгөө талаас маш их хариуцлага, тасралтгүй ажиллагаа, өндөр зохион байгуулалт шаарддаг, өрсөлдөөн ихтэй салбар байдаг.
Хамгийн гол шаардлага бол энэ салбарт бизнес эрхлэх чин хүсэл эрмэлзэлтэй, өөрөө бизнестээ сэтгэлээ, цаг заваа зарцуулдаг байх шаардлагатай. Дараагийн шаардлагын хувьд рестораны үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгө. Мэдээж өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй байвал илүү хурдан амжилтад хүрэх боломжтой.
- Бизнес эрхлэгчид танай франчайзийг сонгох үндэслэл юу вэ?
- Бид өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа сайжруулж, өргөжүүлэхийн тулд компанийн удирдлага, зохион байгуулалт дээр ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо олон улсын стандарт нэвтрүүлж, үйл ажиллагааны хэсгийг автоматжуулж, урт хугацааны төлөвлөгөөгөө гаргаж ажилласан. Энэ онд рестораныхаа бүтээгдэхүүн, үйлчилгээг улам сайжруулах тал дээр төвлөрч ажиллаж байна. Модерн Номадс Рестораны концепцийг бид олон жилийн турш боловсруулан хөгжүүлсэн. Улаанбаатар хот, аймагт төдийгүй Эрхүү, Улаан-Үд хотуудад үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа туршлагатай, үйл ажиллагааны систем нь тогтсон, олон нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн брэнд гэх мэт олон давуу талууд байгаа. Мөн манай франчайзийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа хүмүүс маань компани болон салбартаа олон жилийн туршлагатай удирдах ажилтнууд байгаа.
- Модерн Номадс Рестораныг франчайзийн системээр байршлын хувьд хаана нээж болох вэ?
- Улаанбаатар хотод манай компанийн ресторануудаас 3 км-ээс гадагш байршилд байж болно. Дархан-Уул, Орхон аймгуудаас бусад бүх аймаг, суманд нээх бүрэн боломжтой байгаа.
- Франчайз ресторан нээхэд хэдий хугацаа шаардагдах вэ?
- Франчайзийн эрх хүлээн авагчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулснаас хойш 5 сарын дотор нээх боломжтой. Бидний зүгээс рестораны төлөвлөлт, барилгын засвараас эхлээд нээлтийн ажиллагаа хүртэл гэрээний дагуу боломжит бүх дэмжлэгүүдийг үзүүлж хамтран ажиллана. Франчайзийн бизнес гэдэг бол талууд харилцан өндөр хариуцлага хүлээсэн, бизнесийн “Хож хож” зарчмын баримталдаг учраас хамтын ажиллагааны хамгийн зөв сонголтуудын нэг байдаг. Бидний тооцооллоор анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацааг 3 жил бол талууд хариуцлагатай хамтран ажиллаж чадсанаар үүнээс богино хугацаанд нөхөж, ашигтай ажиллах бүрэн боломжтой.
- Модерн Номадс Рестораныг гадаадын улс оронд нээх төлөвлөгөө байгаа юу?
- Өнгөрсөн хугацаанд бидэнд хандсан ресторан нээх хүсэлтүүдийн ихэнх нь гаднын улс орнуудаас ирсэн байдаг. Энэхүү ярилцлага өгч байгаа боломжийг ашиглаад гадаадад Модерн Номадс Рестораныг нээх хүсэлтэй бол бидэнтэй холбогдож болно. Бид тухайн улс орны хууль эрх зүйтэй холбоотой асуудлууд, бусад судалгааг хийсний дараа 2025 оны 6 сараас гадаадад франчайзаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
- Та бүхэнтэй Модерн Номадс Рестораны франчайзийн асуудлаар хэрхэн холбогдох вэ?
- Манай www.modernnomads.mn вэбсайтнаас мэдээлэл авч хүсэлтээ илгээх боломжтой.
- Бидэнд ярилцлага өгсөн танд баярлалаа. Үндэсний компани франчайзийн системээр Монголдоо төдийгүй гадаад улсад өргөжих төлөвлөгөөтэй байгаад баяртай байна. Амжилт хүсье.
- Танай хамт олонд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!