Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн 10 хүн тутмын найм нь эх орондоо буцах сонирхолгүй байна
Монгол Улсын Шинжлэх Ухааны Ажилтны Хоёрдугаар Их Хурлын хүрээнд зохион байгуулж буй “BRAIN DRAIN TO BRAIN GAIN” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хэлэлцүүлэгт 2010 оны үед Засгийн газраас хэрэгжүүлсэн "Зөгийн үүр" хөтөлбөрийн хүрээнд гадаадад ажиллаж, суралцаж байгаад ирсэн эрдэмтэн, докторууд санал бодлоо солилцлоо.
Тэдний хувьд хамгийн их тулгардаг бэрхшээл нь цалин бага, аливаа судалгааны ажилд төлөвлөлт огт байдаггүйг онцолсон. Тиймээс дийлэнх нь гадагшаа гарах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн дөрвөн жил чимээгүй байснаа сонгуулийн өмнө иймэрхүү хэлэлцүүлэг хийгээд л өнгөрдөгт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Тус асуудалд:
- Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны бохирдол буюу түгжрэл, агаарын бохирдол,
- Оюуны чадамжийг үнэлэх өндөр цалинтай ажлын байр хомсдол,
- Хүүхдэд зориулсан орчин муу тул гадаад улсыг сонгох болсон гэсэн асуудалд суурилсан дүгнэлтийг гаргажээ.
Уг хэлэлцүүлэгт гадаадад ажиллаж амьдарч буй эрдэмтэн, судлаачид цахимаар оролцсон юм. Тодруулбал "Ю Эс Пи Монгол" компанийн захирал Ш.Буянжаргал, "NASA"-гийн Жон Глений нэрэмжит судалгааны төвийн судлаач, доктор Б.Баярбадрах, Дэлхийн залуу Эрдэмтдийн академийн гишүүн Д.Амаржаргал, Кембрижийн их сургуулийн судлаач, доктор Т.Ганбаатар, Дубна дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн мэдээллийн технологийн лабораторийн орлогч захирал О.Чулуунбаатар нар өөрсдийн ажлын туршлага, тохиолдсон асуудлын талаар санал бодлоо солилцсон юм.
Үүний дараа Шинжлэх Ухаан, Технологийн Бодлого, Инновацын Хөгжүүлэлт, Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга Д.Баттогтох "Brain Drain"-д нөлөөлж буй зүйлс, цаашид хийх бодлогын талаар танилцуулсан юм.
Brain Drain-д нөлөөлж буй хүчин зүйлс
- Оюуны үнэлэмж, цалин бага
- Амьдралын нөхцөл байдал хангалтгүй, унаа, орон сууц, орчин хангалтгүй
- Мэргэшсэн боловсон хүчнийг дутуу ашиглах
- Ажиллах орчин, нөхцөл хангалтгүй байх
- Мэргэжил дээшлүүлэх боломж бага
- Лабораторийн болон судалгааны орчин, байгууламж, түүний дотор туслах ажилтнууд дутмаг
- Судалгааны санхүүжилтийн хүрэлцээгүй байдал, мэргэжлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутмаг
- Нийгмийн үймээн самуун, улс төрийн мөргөлдөөн, дайн
- Боловсролын систем, чанарын бууралт
- Томилгоо, албан тушаал ахих зэрэгт ялгаварлан гадуурхах
- Эрх чөлөө дутмаг
Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
- Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн "Зөгийн үүр" үндэсний хөтөлбөр болон бусад бодлогын санаачилгад үнэлгээ, шинжилгээ хийх, хэрэгжээгүй гол шалтгааныг тогтоох
- Хөтөлбөрийн төслийг холбогдох төлөөллөөр хэлэлцүүлэн хэрэгжүүлэх хүрээг шинжлэх ухааны аль эсвэл салбар дундын байдлаар сонгох асуудлыг шийдвэрлэх
- Гадаад улсад сурч, нарийн мэргэжлийн инженер, академик ажил эрхэлж байгаа хүний нөөцийн мэдээллийг бүрдүүлэх, тэдгээр дата мэдээлэлд суурилсан бодлогын чиглэлийг тогтоож, улмаар шинээр боловсруулах хөтөлбөрт тусгах
- Хөтөлбөрийн хэрэгжүүлэх салбар дундын уялдааг ханган, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчимд суурилах, өмнөх хөтөлбөрийн хүрээнд ирсэн зөгийг хэрхэн тогтвор суурьшилтай ажиллуулах.
Brain Drain буюу оюуны дайжилт гэж юу вэ?
Монголын Улсын талаар олон улсын шинжээч Роберт Ритз өөрийн Х платформд оруулсан бичвэртээ "Brain Drain Index" буюу оюуны дайжилтын талаар оруулсан юм. Түүнийхээр монгол иргэдийн эх орноосоо явах болсон гол шалтгаан нь Улаанбаатар хотын замын түгжрэл, бохирдол болон гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс байдагтай холбон тайлбарлажээ.
Р.Ритз залуучуудын эх орноосоо дайжих шалтгааныг гурван хүчин зүйлтэй холбосон юм.
Тодруулбал "Замын хөдөлгөөнд маш их цаг үрдэг нь манай улсын ДНБ-ийг жилд 1-2% буурахад нөлөөлдөг аж. Түүнчлэн агаарын бохирдлоос болж жилд нэг гэр бүл их хэмжээний мөнгийг эм, эмнэлгийн зардалд зарцуулдаг, үүнээс болж амьсгалын замын халдварт өвчин дэгдэж, танин мэдэхүйн чадвар буурдаг гэнэ.
Өндөр цалинтай ажлын байр дутмаг байдаг нь монголчуудын хувьд бас нэг зовлон юм. Физикч мэргэжилтэй бол Монголд амьдрахад хамгийн таагүй орны нэг. Уул уурхайн салбарт ажилладаг бол хангалттай цалин авах боломжтой ч бусад салбарын хувьд тийм биш.
Хүүхдэд зориулсан орчин тааруу. Бага ангийн хүүхдэд анги танхим нь хүрэлцдэггүй тул ачаалал их байдаг. Энэ асуудал төрөлт буурсан үед буюу 10 орчим жилийн дараа шийдэгдэнэ" гэж бичжээ.
Brain Drain Index-ийн үзүүлэлт
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

