Уншиж байна ...

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хадам ээж хугацаанаасаа өмнө өршөөлөөр суллагдаж магадгүй болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын хадам ээж хуурамч бичиг баримт үйлдсэн хэргээр нэг жил шоронд хоригдох ял эдэлж байгаа юм.

Тэгвэл тус улсын хууль зүйн яам өчигдөр түүнийг Бурхан багшийн мэндэлсний өдрийг тохиолдуулан зарлах өршөөлд хамрагдах боломжтой хоригдлуудын тоонд орсныг мэдээлжээ.

Тэргүүн хатагтай Ким Кон Хигийн ээж 77 настай Чой Юн Сүн суллагдахад хоёр сар дутуу байгаа юм байна.

Одоо түүнийг өршөөлд хамруулах эсэхийг Өмнөд Солонгосын хууль зүйн сайд Пак Сүн Жэ эцэслэн шийдэх ажээ.

Хэрвээ өршөөлд хамрагдвал ерөнхийлөгчийн хадам ээж тавдугаар сарын 14-ний өдөр Сөүл хотын зүүн өмнөд хэсэгт оршдог Донбу Хорих Төвөөс суллагдах гэнэ.

Тэрбээр газар худалдаж авах гэрээ байгуулахдаа хуурамч бичиг баримт ашигласан хэргээр өнгөрсөн оны долдугаар сараас нэг жилийн хорих ял эдэлж эхэлжээ.

Тухайлбал 2013 онд Сөүлээс өмнө зүгт оршдог Соннам хотод газар худалдаж авахдаа 34.9 тэрбум воны банкны хуулгыг хуурамчаар үйлдсэн нь шалгалтаар тогтоогдсон юм байна.

Өмнөд Солонгосын хуулиар ялын хугацааныхаа гуравны нэгээс дээш хугацааг биеэр эдэлсэн хүн өршөөлд хамрагдах эхний нөхцөлөө хангадаг.

Үүнээс гадна ял эдлэгчийн нас, гэмт хэрэг үйлдсэн зорилго, ялын хүнд хөнгөн байдал, гэмт хэрэг давтан үйлдэх магадлал зэрэг хүчин зүйлсийг хараат бус гишүүдээс бүрдсэн өршөөлийн зөвлөл шийдвэр гаргахдаа анхаардаг юм байна.

 

Эх сурвалж: Yonhap News