Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Багш сурагчид нь хичээлдээ гадуур хувцастайгаа сууж буй тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуульд их засвар хийхээр боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар дүүрэгт байрлах 29 дүгээр тусгай хэрэгцээт сургуулийн барилга 1989 онд ашиглалтад орсноос хойш нэг ч удаа иж бүрэн засвар хийгдээгүй байна. 

Ханаараа дулаан алддаг, дээврийн засвар хийгдээгүй зэргээс шалтгаалж, багш сурагчид гадуур хувцастайгаа хичээллэж байгаа юм.

Иймээс Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ) болон НҮБ-ын Хүүхдийн сан(UNICEF) хамтран хэрэгжүүлж буй жишиг сургууль, цэцэрлэг байгуулах ажлын хүрээнд 29 дүгээр сургуулийг иж бүрэн засварлахаар болсныг нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг танилцууллаа. 

29 дүгээр сургуульд иж бүрэн засвар хийхэд урьдчилсан байдлаар 4.8 тэрбум төгрөг шаардагдах тооцоолол гарчээ. 

Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны төлөөлөл тус сургууль дээр ажилласан юм. Энэ үеэрээ засварыг гүйцэтгэгчийн тендерийг яаралтай зарлаж, ирэх хичээлийн жил эхлэхээс өмнө засварыг гүйцэтгэж, бэлэн болгосон байхыг хичээх шаардлагатай гэж тэрбээр онцолж байв.

Хотын дарга Х.Нямбаатар "29 дүгээр тусгай хэрэгцээт сургуульд 21 аймаг, есөн дүүргээс ирсэн 263 хүүхэд суралцаж байна. Энэ сургууль их сэрүүн, ханаараа дулаан алддаг, дээврийн засвар хийгдээгүй байгаа тул иж бүрэн засвар хийхээр төлөвлөсөн. 

2024 онд нийслэлээс голлон анхаарах зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж. 2010 оноос төлөвлөлт муутай баригдсан орон сууцны хорооллуудад сургууль, цэцэрлэгийн асуудал хүнд байгаа. Тухайлбал Баянгол дүүргийн  Голден парк, Алтай хотхон, Нарны хороолол, Хан-Уул дүүрэгт Ривер гарден, Хүннү, Шинэ яармаг гэх мэтчилэн орон сууцны том хороолол баригдсан хэр нь сургууль цэцэрлэг төлөвлөгдөөгүй байна. Үүнийг эхнээс нь цэгцэлж шийднэ. Цаашид шат дараатайгаар улсын сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Жишээлбэл Алтай хотхонд нэг га газарт 960 хүүхдийн сургууль, Голден паркийн хажууд мөн 960 хүүхдийн сургууль, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос салбарласан 36 дугаар хороонд сургуулийн барилга, Хан-Уул дүүргийн Кинг тауэр хороололд газар чөлөөлж сургуулийн барилга барихаар төлөвлөж байна. 

Улаанбаатарт жилд дунджаар 20 гаруй мянган хүүхэд сургуульд элсдэг. Өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд тулгуурлаж, хүртээмжийг сайжруулах шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Энэ онд 160 орчим тэрбум төгрөгийг зөвхөн сургууль цэцэрлэг барьж байгуулахад зарцуулна. Уг дүн цаашид өснө. Мөн шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанарыг сайжруулах, төрөлжсөн сургалттай сургууль байгуулахад анхаарна" гэлээ. 

О.Номинчимэг: 10 сургуулийг жишиг болгон тохижуулж, шүдний кабинет байгуулна

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Нийслэлээс 2024 онд 33 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барихад 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгаад байна. Мөн Баянзүрх, Баянгол, Хан-Уул зэрэг хүн ам нягтарч буй газруудад газар чөлөөлж, сургууль цэцэрлэгийг барьж байгуулахад анхаарна.

Хөдөөгөөс хотыг чиглэх хөдөлгөөний хоёр шалтгааны нэг нь боловсролын чанарын асуудал. Айл өрхүүд боловсролын чанарыг эрэлхийлж нүүж байна. Иймд төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хот нь хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээг хүргэдэг байхын тулд хотын захын сургуулиудыг чанаржуулахад анхаарч байгаа. 

НЗДТГ болон НҮБ-ын Хүүхдийг сантай хамтран энэ жил 10 сургууль, гурван цэцэрлэгийг жишиг болгохоор болсон. Үүний нэг нь 29 дүгээр сургууль бөгөөд иж бүрэн засварлаж, гал тогооны тохижилтыг сайжруулна. Тус сургууль нь дотуур байртай 260 гаруй сурагчийнх нь тал нь эндээ амьдардаг тул хоол хүнсний шим тэжээлийн асуудал хөндөгдөж байна. Иймээс хоол хүнсэнд хуваарилсан төсөвт нь хамгийн шим тэжээлтэй хоол юу байж болохыг тооцоолон цэс гаргана. Мөн жишиг болгох 10 сургуульд шүдний кабинет нээж, тогтмол шүдээ угаах боломжоор хангахын зэрэгцээ сэтгэл зүйчдийг чадавхжуулан ажиллана" гэлээ.