Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Yutong Bus компанийн үйлдвэрээс 35 автобус Эрээн рүү ирж явна

Б.Манлай
2023 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Манай улс БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болоод байгаа.

Эдгээр автобусны эхний 35 нь ирж яваа тухай Хотын дарга Х.Нямбаатар "Өнгөрсөн шөнө эхний автобуснууд үйлдвэрээсээ Эрээний чиглэлд хөдөллөө. Ойролцоогоор 1,200 км замыг туулж ирнэ" хэмээн мэдээллээ.

"Анхны харуулсан автобусны өнгөтэй эдгээр нь адилхан, хуулгатай байгаа учир өнгө өөр харагдаж байгаа"-г албаныхан тодотгов.

Эхний автобуснууд арванхоёрдугаар сарын 29-н гэхэд Улаанбаатарт ирэх юм байна.

Шинэ автобуснуудаа байрлуулахаар ХУД-ийн 10-р хороо, Морингийн даваанд 110, СХД-ийн 22-р хороо, Тахилтад 55 автобусны багтаамжтай гараашуудыг энэ онд ашиглалтад оруулах аж.

Шинэ автобусны үзүүлэлтүүд:

  • 2023 онд үйлдвэрлэсэн
  • Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан
  • Зөв талдаа жолооны хүрдтэй
  • Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш 
  • Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)
  • Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй
  • Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай
  • Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc
  • Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй
  • Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй
  • Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш 
  • Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай
  • Хурдны хайрцаг автомат эсвэл механик байж болно
  • Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат
  • Автомат төвлөрсөн системтэй
  • Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй
  • Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай
  • Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн
  • Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй 
  • Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан 
  • Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй
  • Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй 
  • Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай 
  • Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй 
  • Заалны чанга яригчтай 
  • Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг
  • Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцагтай байх