Путин 2024 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ
2024 оны гуравдугаар сард болох ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд тус улсын одоогийн ерөнхийлөгч Владимир Путин дахин өрсөлдөхөөр болоод байгаа.
Орос улсыг сүүлийн 20 гаруй жил захирсан тэрбээр энэ удаа сонгогдвол дахин зургаан жил ерөнхийлөгчийн албыг хаших юм.
Одоо 71 настай Путиний хувьд сонгууль бол өрсөлдөөнгүй, ёс төдий зүйл.
Харин түүнийг энэ удаа эрх баригч намаас биш, бие даан нэр дэвших болсныг өчигдөр дэмжигчид нь зарлажээ.
Бямба гарагт Москва хотод Путинийг дэмжигч 700 гаруй хүний чуулга зохион байгуулагдсан байна. Тэдний дотор улс төрчид, спорт, урлаг соёлын алдартнууд байжээ.
ОХУ-ын хуулиар бие даан нэр дэвшигч бүртгүүлэхдээ 500-аас дээш дэмжигчийн гарын үсэг цуглуулах ёстой байдаг.
Путин хэдийгээр Нэгдсэн Орос намын гишүүдийн дэмжлэгийг авах бүрэн боломжтой ч энэ удаа бие даан нэр дэвшихээр болсныг тус намын өндөр албан тушаалтан Андрей Турчак өчигдөр мэдэгджээ.
“Манай намын 3.5 сая гишүүд, дэмжигчид түүний сонгуулийн кампанит ажилд идэвхтэй оролцоно” гэж Турчак энэ үеэр хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

