Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн боссын хөгжилтэй зураг Өмнөд Солонгост дуулиан дэгдээв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Самсунг Электроникс компанийн ерөнхийлөгч И Жэ Ёны хөгжилтэй дүр төрхийг харуулсан гэрэл зураг өчигдөр Өмнөд Солонгосын онлайн ертөнцийг шуугиулжээ.

Түүнийг хэнтэй ингэж харьцсан байж болох талаар олон таамгийг хүмүүс дэвшүүлцгээсэн байна.

зураг
 

Лхагва гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл тэргүүтэй албаны хүмүүс тус улсын хоёр дахь том хот Бусаны уламжлалт хүнсний захад зочилсон юм. Ерөнхийлөгчийг Самсунгийн тэргүүн дагалдаж явжээ.

Өөртэй нь анх удаа нүүр тулсан Бусаны оршин суугчид сэтгэл хөөрлөө барьж дийлээгүй тул И Жэ Ён тэдэнд тайван байхыг ийнхүү гуйсан бололтой.

“Ерөнхийлөгчийг дагалдсан бүх хүмүүс захад зочилсон нь сайхан үйл явдал байлаа. И Жэ Ёны алдар нэр хэмжээлшгүй өндөр юм. Иргэд түүнд ойртож, гар барих, зургаа хамт авхуулахыг гуйж байв. Ерөнхийлөгчийг дагалдаж яваа тул эмх журамтай, чимээгүй байхыг тэр хүмүүсээс гуйсан юм” гэж Өмнөд Солонгосын жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнес хариуцсан сайд И Ён сошиал хуудсандаа тайлбарласан байна.

Самсунг групп нь Өмнөд Солонгосын хамгийн том бизнесийн байгууллага юм. Тус группийг үүсгэн байгуулагчийн өв залгамжлагч И Жэ Ён одоо $8 тэрбумын хөрөнгөөр Форбс сэтгүүлээс зарласан Өмнөд Солонгосын тэрбумтнуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна.

 

Эх сурвалж: Korea Times, Yonhap News