"Аялал жуулчлалын судалгаа-2023" эрдэм шинжилгээний хурал Чингис Хаан үндэсний музейд өнөөдөр зохион байгуулагдлаа.
Энэ үеэр Шинжлэх ухааны доктор, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр "Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөж байна. Үүнийг дагаад аялал жуулчлалын салбарын үнэ өссөөр байгаа. Жуулчдын зүгээс Монголыг үнэтэй гэж харж байна.
Зах зээл, худалдан авагч тал биднийг яаж харж, ямар өнцгөөс дүгнэлт хийж байгаад анхаарах нь илүү чухал. Тухайлбал
Бид жуулчдын тоонд сэтгэл ханахаас илүүтэй эдийн засагт оруулах үр өгөөжийг харах хэрэгтэй.
Энэ үнэлгээгээр судалгаа хийж үзэхэд хангалттай үр дүнд хүрээгүй байна. Цар тахлаас хойш жуулчдын урсгалыг асар хурдтай нэмэгдүүлэхийг зорилоо.
Хамгийн чухал зүйл нь Монголын аяллын үнэ хэд болж хувирав. Солонгос жуулчдын гурван хоногийн аяллын үнэ эрс буурсан байна. Энэ нь эерэг, сөрөг олон талын үр дагавартай" гэв.
Мөн тэрбээр "Монголын аялал жуулчлалын үнэ өсөхдөө гол нь биш, өгөөж нь их байх хэрэгтэй. Монголд байх үеийн жуулчдын аюулгүй байдал гэж тусдаа зүйл.
Энэ жил Монголд ирсэн зарим жуулчин санаатай, санамсаргүй тохиолдлоор гэмтэж, осолдож, нас барсан мэдээлэл бий. Үүний цаана мэргэжлийн компани жолооч, хөтөч, тайлбарлагч, хариуцлагын асуудал, даатгал зэрэг олон хүчин зүйл уялдаа холбоотой байх ёстой.
Жуулчид Монголд яагаад дахин дахин ирэх ёстой вэ? гэдэг үйлчилгээний маркетинг, циклийг нь оновчтой гаргаж ирж тавих хэрэгтэй.
Жуулчдын тоонд анхаарсан хэт шахалт бол наадам шүү дээ. Наадмын үеэр хэт их сурталчилгаа хийдэг. Энэ наадмын төвлөрлийг задалсан маркетингийн бодлого чухал.
Сая салбарын төлөөллүүд өвлийн аялал жуулчлалын талаар ярилаа. Тэгвэл өвөл яагаад Монголд жуулчин ирэх ёстой, юу нь аюулгүй вэ.
Аюулгүй байна гэдэг нь даарахгүйгээс эхэлнэ шүү дээ. Зөвхөн хулгайн асуудал биш. Энэ бүхнийг төр, хувийн хэвшил хамтарч хийх чиглэлд ажиллах шаардлага бий" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!