Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

2,595 хохирогчтой “Бэлтэс мөрөн” компанид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2023 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) гурав дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) хоёр дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр 09:30 цагт Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд эхэллээ.

Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим оролцогчийг хохирогчоор тогтоогоогүй, дүгнэлт гаргасан шинжээчид хуульд заасан эрх, үүрэг танилцуулаагүй гэсэн үндэслэл зааж, дээрх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор У.Дэндэвдорж, хяналтын прокурор Д.Ундармаа нар эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасан юм.

Тус шүүх хуралдаанд хүсэлт гаргасан хоёр прокурор, яллагдагч, хохирогчийн 12 өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зэрэг нийт 36 хүн цахимаар болон биечлэн оролцож байна.

Шүүх хуралдааныг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан нээлттэй үргэлжилж байна.

Хэргийн тухайд "Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч Г, гүйцэтгэх захирал Н нарын есөн иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2,595 иргэнээс 48,484,419,600 төгрөгийг залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн билээ.

 

Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар