Манай улсад айлчилж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисыг албан ёсоор угтах ёслол өнөөдөр Сүхбаатарын талбай дээр боллоо.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв.
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилсний дараа цэргүүд ёслолын хүндэтгэлийн жагсаалаар алхан өнгөрөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн хоёр улсын төлөөлөгчид, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ.
Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Пап Францис Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар ганцаарчилсан уулзалт хийсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!