Т.Ням-Очир: Энэ жил 4,800 багшийн сул орон тоо гарахаар байна
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир багш нарын хүрэлцээний асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2023 оны зургаадугаар сард 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой багш нарын хэдэн сул орон тоо гарах вэ гэдэг судалгааг аймаг, дүүрэг тус бүрээр гаргасан. Ойролцоогоор 4,800 багш шилжилт хөдөлгөөнд орж эсвэл шинээр үүсэж байгаа бүлгүүдэд хэрэгцээ үүснэ.
Үүнтэй холбоотойгоор хэдэн хүүхэд их, дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөх вэ гэдэг судалгааг давхар гаргасан. Аль аймагт ямар мэргэжлээр хэдэн багш төгссөн талаарх судалгааг гаргаж ажиллаж байна" хэмээв.
Түүнчлэн шинээр батлагдсан хуульд дадлагажигч багшийг ажиллуулж болох зохицуулалт орсноороо онцлог жил болж байна. Тиймээс багш бэлтгэдэг сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутнуудыг шилжилт хөдөлгөөн их явагддаг хичээлийн жилийн эхэн үед сургууль, цэцэрлэгт дадлагажуулах аж.
"Дөрөвдүгээр курсийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулна"
"Ахлах ангийн сонгон судлах хичээлийг цахимаар зохион байгуулах зохицуулалт хийж байна. Тиймээс багшийн хүрэлцээ хангамжийг нөхөх боломжтой гэж харж байна. Өнгөрсөн жил 700 орчим бага ангийн багш дутагдахаар хичээлийн жилийг эхлүүлсэн. Эсрэгээрээ 620 бага ангийн багш бэлтгэгдэж төгсөх судалгаа гарсан юм. 70 гаруй багшийн зөрүү үүссэн. Багш мэргэжилтэй мөртлөө өөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа, тэтгэвэрт гарсан ч ажиллах боломжтой багш нарын судалгааг гаргаж, дээрх тоог нөхөж ажилласан юм.
Мөн МУБИС-тай хамтран ажиллаж, дөрөвдүгээр курсийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулсан. Энэ жил бас энэхүү арга хэмжээнүүд үргэлжилнэ гэж ойлгож болно. Гэхдээ зөвхөн бага ангийн багшийн тухайд биш. Бүх багш нарын тухайд юм" гэдгийг Т.Ням-Очир дарга хэллээ.
Багш мэргэжлээр төгсөгч нарын ажлын байрны тухайд "Өнгөрсөн жилийн есөн сард нийт төгсөгч нарын 50 хувь нь ажлын байртай болсон. Зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд 12 дугаар сар гэхэд 87-90 хувь нь ажлын байртай болсон судалгаа бий" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

