Вьетнамын шүүх цар тахлын үеэр иргэдийг тусгай үүргийн нислэгт суулгахдаа авлига авсан 54 хүнийг яллав
Вьетнам улсын шүүх өчигдөр цар тахлын үеэр иргэдээс авлига авсан 54 хүнд нэг дор ял оноосон байна.
Энэ нь тус улсын орчин үеийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн том авлигын хэрэгт тооцогдож байгаа юм.
Төрийн албан тушаалтнууд, дипломатчид, бизнесмэнүүд гадаадад гацсан иргэдийг тусгай үүргийн онгоцоор эх оронд нь ирүүлэхдээ давуу эрх олгосныхоо төлөө авлига авч байжээ.
Шүүх хурал хоёр долоо хоног үргэлжилж, дээрх авлигын сүлжээнд холбогдсон дэд сайд, элчин сайд, бизнесмэнүүд зэрэг хүмүүст ял оноосон юм.
Тэдгээрийн 25 нь төрийн албан тушаалтнууд байжээ.
Уг сүлжээ цар тахлын үеэр нийтдээ $7.4 саяыг хууль бус аргаар олсон байна.
Гадаад хэргийн яам, эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан дөрвөн өндөр албан тушаалтанд бүх насаар хорих ял оноожээ.
Сүлжээнд оролцсон бизнесийн салбарын төлөөлөгч болон жирийн иргэн 10 хүнд тэнсэн харгалзах ял оноосон байна.
Яллагдсан төрийн өндөр албан тушаалтнуудын дотор эрүүл мэндийн сайдын нарийн бичгийн дарга асан Пам Чун Киен, гадаад хэргийн дэд сайд асан То Ан Дун зэрэг хүмүүс байсан юм.
Прокурорууд 11 сарын хугацаанд 253 иргэнээс нийтдээ $1.8 саяын авлига авсан Киенд цаазын ял төлөвлөсөн ч шүүх бүх насаар хорих ял болгон өөрчилжээ.
Нийт $900,000-ын авлига авсан дэд сайд асан Дунд өчигдөр 16 жилийн хорих ял оноосон байна.
Цар тахлын улмаас хил хаагдаад байсан 2020 оны эхээр Вьетнамын засгийн газар гадаадад үлдсэн иргэдээ татахын тулд нийт 800 орчим удаагийн тусгай үүргийн нислэгийг зохион байгуулж байв.
Энэ үеэр нислэгийн суудал олдохгүй, олдвол маш өндөр үнэтэй байгаа тухай иргэд гомдоллож байжээ.
Тухайлбал Ханой хотын нэг оршин суугч эмэгтэй цар тахлын оргил үеэр Европт гацсан өсвөр насны охиноо эх оронд нь ирүүлэхийн тулд $12,000 орчмыг зарцуулснаа хэвлэлд ярьсан байна.
Цар тахлын үеэр үйлдэгдсэн авлига, албан тушаалын олон тооны хэргүүдийг Вьетнамын эрх баригчид мөрдөн шалгаж, хэдэн зуун албан тушаалтныг шийтгэсэн юм.
Энэ оны нэгдүгээр сард тус улсын ерөнхийлөгч Нгуен Шуан Пукийг гэнэт огцруулсныг цар тахлын эсрэг хариу арга хэмжээг засгийн газар нь хэрэгжүүлэхдээ алдаа доголдол гаргаснаас болсон гэх мэдээлэл бий.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
