Украины дайны улмаас Хар тэнгисээр дамжин олон улсын зах зээлд хүрдэг үр тарианы экспорт саатсан нь дэлхийн олон оронд хүнсний хомсдол учруулж, үнийн өсөлтийг нэмэгдүүлээд байгаа.
Үүнийг зохицуулах зорилготой “Хар Тэнгисийн Үр Тарианы Санаачилга” нэртэй гэрээг өнгөрсөн онд НҮБ болон Турк улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Орос, Украин улсууд байгуулж байв.
Гэтэл Оросын эрх баригчид уг гэрээг үргэлжлүүлэн сунгахгүйгээ өчигдөр мэдэгдсэн юм.
Уг шийдвэрийн дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский экспортыг Оросын оролцоогүйгээр үргэлжлүүлэхээ мэдэгджээ.
Оросын талын шийдвэрийг “хоол хүнсээр дэлхий нийтийг айлган сүрдүүлдэг цаг өнгөрснийг харуулах боломж” гэж тэр дүгнэсэн байна.
Өчигдөр Нью-Йорк хотод АНУ, Европын дипломатчидтай уулзсаныхаа дараа Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба Оросын шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлээд “Украины үр тариаг Африк, Азийн болон бусад орнуудад саадгүй экспортлох хүчин чармайлтаа Украин, АНУ-ын талууд зогсоохгүй” гэж мэдэгджээ.
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби бас гэрээнээс гарсан Москвагийн эрх баригчдыг шүүмжлээд уг шийдвэр нь “дэлхийн олон сая хүнийг өлсгөлөнд хүргэх эрсдэлтэй”-г анхааруулсан байна.
АНУ-ын засаг захиргаа Украины үр тарианы экспортыг хэвийн үргэлжлүүлэхэд дэлхийн бусад улс орнуудтай хамтран ажиллах ба ингэхдээ цэрэг зэвсгийн хүч ашиглах төлөвлөгөөгүйг тэр мэдэгджээ.
Экспортыг үргэлжлүүлэхдээ Турк улсын хөлөг онгоцнуудыг ашиглах хувилбарыг дэмжихгүй гэдгээ Кирби бас мэдэгдсэн байна.
Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган засгийн газар нь Оросын талтай гэрээг сунгах талаар ярилцаж байгааг хэлсэн юм.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мөн Оросын эрх баригчдын шийдвэрт гүн харамсал илэрхийлжээ.
Өчигдөр Крымийн гүүр Украины халдлагад өртөж гэмтсэн үйл явдал үр тарианы экспортын гэрээнээс гарахад нөлөөлсөн эсэх талаар сэтгүүлчид асуухад Кремлийн хэвлэлийн алба үгүйсгэсэн байна.
Герман, Франц улсуудын гадаад хэргийн сайд нар хоол хүнсийг “зэвсэг” болгон ашиглаж буй Оросын эрх баригчдын шийдвэрийг шүүмжилцгээжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!