Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Цахим хэлэлцүүлэгт Энэтхэг улсын Ямаа судлалын төв хүрээлэнгийн захирал, доктор Маниш Чатли “Энэтхэгийн ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Бангладеш улсын Загас, мал аж ахуйн яамны Мал аж ахуйн үйлчилгээний газрын Малын үржлийн нэгжийн эрхлэгч, доктор Голам Азам “Бангладешийн ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр илтгэл танилцуулав.
Хэлэлцүүлэгт Монгол, Энэтхэг, Индонези, Хятад, Бангладеш, Израиль, Филиппин, Тайланд, Казахстан, Турк, АНУ, Бельги, Непал, Кени, Бутан улсаас 40 гаруй хүн цахимаар оролцсон юм.
Ази тивд ямааны тоо толгойгоор тэргүүлэгч улс орнуудын аж ахуй, сүүний үйлдвэрлэл нь зах зээлийн эргэлтэд зохистой орж чадаагүй, өрхийн аж ахуйд хэт суурилсан, малын үржлийн ажил үйлчилгээ дутмаг, санхүүгийн дэмжлэг сул, нийлүүлэлтийн болон нэмүү өртгийн сүлжээ бүрдэж чадаагүй, тэжээлийн зардал өндөр, бүтээгдэхүүн хөгжүүлэлт сул, бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдаагүй зэрэг олон нийтлэг асуудал тулгарч байна.
Гэхдээ Ази тив нь дэлхийн ямааны сүү үйлдвэрлэлийн 56 хувийг бүрдүүлж, цаашид сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгаа. Ямааны сүү нь хүний эрүүл мэндэд нэн тустай, шим тэжээллэг чанартай тул бодлогоор анхаарч хөгжүүлэх шаардлагатай байна.
Хэлэлцүүлгээс Азийн улс орнууд үр ашигтай ямааны аж ахуйн мэдлэг, туршлагыг харилцан судлах, салбарын судалгаа шинжилгээг дэмжих байнгын ажлын хэсгийг Ази тивийн сүүний түншлэлийн хүрээнд байгуулах, бүс нутгийн ямааны аж ахуйг тогтвортой хөгжүүлэх чиглэлд цаашид хамтран ажиллахаар тогтлоо хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!