Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрсний гэх хэрэгт УИХ-ын долоон гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 5 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Нүүрсний хэргийн явц байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг нүүрсний хэргийн ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд хэрхэн ажилласан талаарх тоон мэдээллийг өглөө.

Ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд:

Эд мөрийн баримтыг илрүүлэх бэхжүүлэх зорилгоор 252 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1,801 удаа, гэрчээр 11,030 хүнээс мэдүүлэг авч 180,642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авсан бөгөөд нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсанаас 56 нь хахууль авах хэргээр байна.

  • Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан- 55
  • Хахууль авах хэрэгт-56
  • Хахууль өгөх хэрэгт-29
  • Мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт-23
  • Худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт нэг иргэн албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

Нийт яллагдагч нарын 81 нь нийтийн албан тушаалтан байна. 

Эдгээр яллагдагч нараас 20-д нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаснаас одоо гурван яллагдагч цагдан хориотой байгаа аж. Улсын хилээр гарахыг хязгаарласан 57, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлсэн тав, хувийн баталгаа авах 38 яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас бодит хохирлыг тодорхойлж дуусаагүй байна. Цаашид шалгалтын явцад эрх бүхий албан тушаалтнууд тус гэмт хэрэгтэй холбоотой буюу хамтран оролцсон байдал тогтоогдвол дараа дараагийн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах ажил хэвийн үргэлжилнэ. Мөрдөн шалгах ажиллагаа цаашид тасралтгүй шуурхай зохион байгуулагдан үргэлжилж байна" гэлээ.