Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Дарханы замыг хоёр эгнээтэй болгоход ЕСБХБ-наас 20 сая ам.доллар олгохоор боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас/ЕСБХБ/ “Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл”-д 4.5 сая еврогийн, “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төсөл”-ийн 6.26 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр гэрээг баталжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Улаанбаатар хотын дулааны шугамыг шинэчлэх төслийн гэрээг баталлаа. Ингэснээр 30-40 жил засвар хийгээгүй ил байдаг дулааны шугамуудыг газар доогуур хийнэ. Ингэснээр дулааны алдагдлыг бууруулах юм. Улаанбаатарын аваарын байдалд буй эрчим хүчний систем бүрэн шинэчлэгдэнэ. Үүнээс гадна ухаалаг тоолуурын систем рүү шилжүүлэх ажил амжилттай үргэлжилж байна гэсэн үг.

Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулахад буцалтгүй тусламж олгох гэрээг баталлаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хоёр эгнээтэй болгоход Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилт олгохоор боллоо. Уг замыг даацын зам болгоход 20 сая ам.долларыг шийдэж байна" гэв.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз "Эдгээр төслүүдэд буцалтгүй тусламж олгосноор Монголын иргэдийн амьдралд томоохон өөрчлөлт гаргана гэсэн хүлээлттэй байгаа.

Буцалтгүй тусламж олгож буй төслүүдийн хувьд нэгдүгээрт, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн болон халуун усны системийг сайжруулах төсөл. Нөгөө нь Эрдэнэт хотод хэрэгжиж байгаа үер усны аюулаас хамгаалах барилга байгууламжийг, даланг сайжруулах төсөл. Эрдэнэт хотод энэ төслийн үр дүнд 15,000 иргэн үер усны аюулаас хамгаалагдсан байна. 

Улаанбаатар хотод төвлөрсөн дулаан хангамжаар дамжуулан нийтийн аж ахуйн үйлчилгээ авч буй иргэд илүү сайн үйлчилгээг авна. Дулааны системийг сайжруулах нь агаарын бохирдлыг бууруулахад багахан ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг.

Бичил бизнесүүдийг уг төсөлд хамруулж, ажлын байр нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна" хэмээн ярилаа.