Д.Ангар: Монголын Хөрөнгийн Биржийн гаргаж байгаа IPO олон нийт оролцох боломжийг хаасан тул ШӨХТГ-т гомдол гаргасан
"Монголын Хөрөнгийн Бирж"-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга өнөөдөр 10:00 цагт эхэлсэн бөгөөд захиалгын явц одоогийн байдлаар 27 хувьтай үргэлжилж байна. Татан төвлөрүүлэх хөрөнгийн үнийн дүн нь 11,915,760,300 төгрөг юм.
Үүнтэй холбоотойгоор эдийн засагч Д.Ангар Монголын Хөрөнгийн Биржийн IPO нь олон нийтийн оролцох боломжийг хумьж, өрсөлдөөнийг боомилж, 83 хүнд давуу эрх бий болгож байна хэмээн ШӨХТГ-т гомдол гаргасан байна.
Иймд түүнтэй утсаар холбогдож, гомдол гаргах болсон шалтгааных нь талаар тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ "УИХ-аас Монголын Хөрөнгийн Биржийн 34 хувийг хувьчлах шийдвэр гаргасан. Энэ бол маш зөв шийдвэр гэж харж байгаа. Би өөрөө хөрөнгийн зах зээлийн шинжээч хүн. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн дараагийн 30 жилийн ирээдүйг маш өөдрөгөөр буюу огцом өсөлттэй байна гэж харж байгаа. Тиймд би иргэд олон нийтийг өөрийнхөө боломжит хэмжээгээрээ Монголын Хөрөнгийн Биржийн хувьчлалд оролцоорой гэж зөвлөсөн. Сая төгрөгтэй хүн бол сая төгрөгөөрөө, 500 мянгатай хүн 500 мянгаараа хувьцаа авах хэрэгтэй.
Харамсалтай нь Монголын Хөрөнгийн Бирж УИХ-аас давсан нэмэлт зохицуулалт гаргасан байна. Тодруулбал 100 сая төгрөг болон түүнээс дээш мөнгөтэй эхний 83 хүнд өгнө гэжээ. Жирийн иргэдэд 50 мянган төгрөгт өгнө гэх шударга бус олон нийтийн оролцоог хаасан арилжаа байж болохгүй.
Монголын Хөрөнгийн Бирж өөрт олгогдоогүй эрхээ эдэлж, хууль бусаар нэмэлт журам гаргаж, өрсөлдөөнийг боомилж, IPO-д олон нийт оролцох боломжийг хааж, 83 хүнд боломж олгох байна гэх үндэслэлээр Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөөх газарт гомдол гаргасан. Гомдлыг хүлээж авлаа гэсэн хариу ирсэн. Өөр хариу одоогоор ирээгүй байгаа.
Хуулиас давсан нэмэлт зохицуулалт, нугалаа гаргадаг байж болохгүй. Ер нь үүнийг цуцлах ёстой" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
