Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунбуян: Хоёр ажилтан дэлбэрэлт болох үеэр шатахууны нөөцийн саванд унасан байх магадлалтай. Хайж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэс петролиум” компанийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад өчигдөр гарсан гал түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө.

Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2,000 м.куб багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 м.куб АИ-92 шатахуун хадгалагдаж байсан байна. Уг савтай зэргэлдээ 400,000 литр буюу 400 м.куб багтаамжтай, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зургаан ширхэг саванд 200 гаруй тонн шатахуунтай байжээ.
зураг
 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэрбээр "Газрын тосны бүтээгдэхүүний агуулахад гал гарахаас өмнө босоо, цооног хэлбэртэй саванд хэмжилт хийхээр тухайн компанийн гурван ажилтан ажиллаж байсан байна. Дэлбэрэлт болох үед босоо савны ирмэг дээр хэмжилт хийж байсан нэг ажилтан шидэгдэж, газарт унасан. Эмнэлэг рүү явж байхдаа амиа алдсан харамсалтай явдал боллоо.

Мөн хоёр ажилтан шатахууны нөөцийн саван дотор унасан байх магадлалтай гэж үзэн, эрэн хайх баг ажиллаж байна. 

Гал түймэр гарсан саванд хадгалагдаж байгаа шатахууны 50 орчим хувь нь шаталгүй үлдсэн. Аюулгүй болгосон.

Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн хадгалж байсан агуулахад өмнө нь гал түймэр гарч байгаагүй" гэв.

Гэрэл зургийн эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Гал түймрийн тухайд өчигдөр/2022.12.01/ 09:21 цагт Дархан сумын гуравдугаар багт байрлах “Тэс петролиум” компанийн газар тосны бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт үүсэж, гал түймэр гарсан мэдээллийг Дархан-Уул аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын гал унтраах 7 анги, эрэн хайх нэг баг гарч ажилласан. Нэмэлтээр Улаанбаатар хотоос гал түймэр унтраах, аврах 10, 26, 63 дугаар ангийн аврагчид хөөсөөр гал унтраах гурван машинтайгаар очиж ажилласан байна.

Нийтдээ гал түймэр унтраах 10 анги, эрэн хайх аврах бүлгийн 280 гаруй албан хаагч гал түймэр унтраах 21 автомашинтай, УБТЗ-ын цэрэгжүүлсэн онцгой байдлын албанаас 22 албан хаагч 60 тоннын усны нөөцтэй нэг вагон цистерн, Дархан-Уул аймгийн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, ЗДТГ, ус суваг зэрэг зургаан байгууллагын 153 албан хаагч 30 автомашинтайгаар 8 цаг гаруй ажиллан орой 17:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 18:44 цагт бүрэн унтраажээ. 

Газрын тосны бүтээгдэхүүн импортолдог, тээвэрлэдэг, борлуулж, хадгалдаг ААН, иргэд галын аюулгүй байдлыг хангах, галын материалтай харьцахдаа стандарт, журмаа мөрдөхийг анхаарууллаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/100064357072177/videos/1569743623497098