"Виртуал хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлага" хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрчээ
Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын биржүүдийн нэгдсэн холбооны хамтран зохион байгуулсан “Виртуал хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлага” гэх хэлэлцүүлэг өнгөрсөн Баасан гараг буюу 2022 оны 11-р сарын 18-ны өдөр Blue Sky Hotel-д амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү хэлэлцүүлэгт Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанк, Санхүүгийн Мэдээллийн алба, Монголын биржүүдийн нэгдсэн Холбоо, Altex, Coinhub, Complex, Corex, iDAX, NCX, Trade.mn, X-Meta, Zoos Digital Exchange зэрэг Виртуал хөрөнгийн үйлчийгээ үзүүлэгчдийн төлөөлөгч нар тус тус оролцсон байна.
Санхүүгийн Зохицуулах Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн энэхүү хэлэлцүүлгийг нээж, оролцож буй байгууллагын төлөөллүүдийг өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг уриалсан бол Монголын Биржүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Хаш-Эрдэнэ: Төр, хувийн хэвшил хамтран ажиллаж, зорилго нэгтэйгээр энэхүү салбарыг хамтран хөгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Цаашилбал, ВХҮҮ нарт зориулан СЗХ-ноос “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт” болон “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах” сэдэвт илтгэлээр дамжуулан энэхүү шинэ салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт болон МУТСтХ-ийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.
Мөн түүнчлэн, “ВХҮҮ-ийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” болон “ВХҮҮ-ийн хөгжлийн цаашдын чиг хандлага” гэх сэдвүүдээр панел хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан бөгөөд эдгээр хэлэлцүүлгээр ВХҮҮ-ийн төлөөлөгчид нь өөрийн үйл ажиллагаанд тулгамдаж буй татвар, хууль тогтоомжид холбогдох хүндрэлүүд болон цаашдаа Монгол болон Олон Улсын хэмжээнд энэхүү салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ярьсан бөгөөд төрийн байгууллагын зүгээс эдгээр асуудлуудад холбогдох зохих тайлбарыг хүргүүлж, салбарын хөгжлийг хэрхэн хамтран хөгжүүлэх талаар тус тус нээлттэй ярилцсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
