Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тэнгисийн флотын хөлгүүд халдлагад өртсөний дараа ОХУ үр тарианы экспортыг зогсоохоо мэдэгджээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн өглөө Крымийн Севастополь хотын боомтод Оросын Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнууд дроны халдлагад өртсөн байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам энэ халдлагын үеэр нэг хөлөг гэмтэж, 16 дроныг аюулгүй болгосноо мэдээлсэн байна.

Халдлагыг Украины тал үйлдсэн гэж дүгнэжээ.

Севастополь мужийн захирагч Михаил Развожаев тус боомт дайн эхэлснээс хойш хамгийн том агаарын болон тэнгисийн дроны халдлагад өртсөн тухай мэдээлсэн байна. Гэхдээ тэр аюулгүй байдлыг хангах шалтгаанаар ямар нэг баримт нотолгоо үзүүлэхээс татгалзжээ.

Харин Украин улсын дотоод хэргийн яам халдлагыг үйлдсэнээ няцааж, Оросын талын өөрийнх нь хайхрамжгүй байдлын улмаас тэсрэх бодис дэлбэрч, Хар тэнгисийн флотын дөрвөн хөлөг гэмтсэн гэж тайлбарласан байна.

Үүний улмаас НҮБ-тай байгуулсан гэрээний дагуу үр тариа экспортлох ажлыг зогсоож байгаагаа ОХУ-ын тал мэдэгджээ.

Энэ оны долдугаар сард НҮБ болон Туркийн засгийн газрын оролцоотой байгуулсан Хар тэнгисийн боомтуудаас үр тариа экспортлох гэрээ арваннэгдүгээр сарын 19-нд дуусах хугацаатай байсан юм.

Халдлагын өмнөх өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш гэрээний хугацааг сунгахыг талуудад уриалж байжээ.

“Гэрээг цуцлах Оросын төлөвлөгөөний талаар бид өмнө нь анхааруулж байсан. Харин одоо Москвагийн эрх баригчид худал шалтгаан үүсгэх замаар олон сая хүний хүнсний аюулгүй байдлыг хангах үр тарианы коридорыг хааж байна” гэж Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба твиттер хуудсандаа бичсэн байна.

Туркийн засгийн газар гэрээг цуцлах талаар ямар нэг мэдэгдэл Оросын талаас хүлээж аваагүй гэсэн бол НҮБ-ын албаныхан энэ асуудлыг тодруулахаар Москватай харилцаж байгаагаа мэдээлжээ.

Орос, Украин улсууд дэлхийн томоохон үр тарианы экспортлогчид юм. Энэ оны хоёрдугаар сард эхэлсэн дайны улмаас Хар тэнгисийн экспортын зам хаагдсан нь дэлхий даяар хүнсний хомсдол үүсэх нөхцөл болоод байгаа.

 

Эх сурвалж: Associated Press