Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын цэрэг Лиман хотоос ухарсны дараа Кадыров цөмийн зэвсэг хэрэглэх санал гаргав

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Оросын цэрэг Донецк мужийн Лиман хотыг Украины зэвсэгт хүчинд алдсан нь Кремлийн эрх баригчдын хувьд томоохон ялагдал болж байна.

Дөнгөж өмнөх өдөр нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэснийг зарласны нэг нь Донецк байсан юм.

Лиманы ухралт Путинийг тойрон хүрээлэгчдийг нэлээд бухимдуулсан байна.

Тэдний нэг нь Чеченийн Бүгд Найрамдах Улсын засаг захиргааны тэргүүн Рамзан Кадыров юм. Тэрбээр Оросын генералуудыг хурцаар шүүмжилж, Украины эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх цаг болсныг сануулжээ.

“Миний хувийн бодлоор хил орчмын бүс нутагт дайны байдал зарлах, бага оврын цөмийн зэвсэг ашиглах зэрэг эрс шийдэмгий арга хэмжээ авах цаг болсон” гэж Кадыров сошиал хуудсандаа бичсэн байна.

Өмнө нь тэр бас Украин дахь Оросын армийн бүтэлгүйтлийг шүүмжилсэн мэдэгдэл гаргаж байсан юм.

Дайны эхний өдрүүдэд Чеченийн 20,000 хүнтэй хүчийг Украинд илгээж байсан Кадыров сүүлд Путиний зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгаанд нутаг нэгтнүүдээ хамруулахаас татгалзсан.

Ер нь сүүлийн үед Кремлийн тойрон хүрээлэгчдийн дунд Украины дайны хувь заяанд санаа зовсон дуу хоолой гарсаар байна.

зураг
 
Оросын төв телевизийн тоймч Владимир Соловьев

Пүрэв гарагт Оросын телевизийн нэртэй хөтлөгч, Путиний суртал нэвтрүүлэгч гэгддэг Владимир Соловьев энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм.

“Өрнөдийнхөн бүхэлдээ биднээр элэг доог хийж эхэллээ. Харьковын дараа энэ байдлыг өөрчлөх нэг ч ахиц гаргасангүй, буцааж авсан, шинээр нэмсэн газар нутаг алга. Надаас армийнханд тавих нэг том хүсэлт байна. Та бүхэн өөрсдийн сурсан мэдсэн, чаддаг юмаа тулаанд харуулж эхлээч. Шинээр чөлөөлөгдсөн газар нутгийг зарлаж эхлээч. Ингэхийн тулд та нарт юу хэрэгтэй вэ? 300,000 бэлтгэл хүчийг дайчилсан нь хангалтгүй байна уу” гэж Соловьев шоу нэвтрүүлгийнхээ цагаар ярьжээ.

Тэрбээр бас одоо Орос даяар хэрэгжиж байгаа цэргийн хэсэгчилсэн дайчилгааг энэ үеэр шүүмжилсэн байна.

“Хэсэгчилсэн дайчилгааг дайснуудынхаа олз болголгүйгээр хэрэгжүүлмээр байна. Жишээлбэл алс хязгаар бүс нутгийн иргэд, жижиг үндэстэн ястны төлөөллийг дайчилгаанд түлхүү хамруулалгүй, жигд харьцааг нь бодолцох хэрэгтэй байна” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: CNN, Business Insider