АНУ-ын Нью-Йорк хот дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын гадна ОХУ-ын Украинд явуулж буй дайныг эсэргүүцсэн иргэд цугларч, үзэл бодлоо илэрхийлж буй бичлэг сошиалаар цацагдаад буй.
Энэхүү үйл явдлын талаар Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.
Тодруулгын хариуд "Тухайн үйл явдал нь Нью-Йорк хот дахь манай улсын дипломат төлөөлөгчийн газрын гадна болсон. Орон нутгийн цагаар есдүгээр сарын 22-ны 17:00 цагийн орчимд буриад иргэд цугларч үзэл бодлоо илэрхийлсэн юм билээ.
Тэнд цугларсан хүмүүс дайныг, хүчээр цэрэгт татаж байгааг эсэргүүцэж, үндэсний цөөнхүүдийг дайнд илгээхээ зогсоо гэсэн утгатай уриа лоозон барьсан байсан.
Манай улсын дипломат төлөөлөгчийн газрын гадна цугларсан нь Монгол Улс хүмүүнлэгийн коридор нээж, элэг нэгт буриад, халимаг, тува иргэдийг нэвтрүүлж, тусалж дэмжиж өгөөч гэж хандсан хэрэг юм билээ.
Мөн Нью-Йорк хотноо үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож байгаатай холбогдуулан дайны асуудалд анхаарлыг нь хандуулж, дуу хоолойгоо хүргэх зорилготой гэдгээ илэрхийлсэн. Манай дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд тухайн иргэдтэй гарч уулзсан" гэлээ.
ВИДЕО ҮЗЭХ:
/Бичлэгийг Odbayar Demos.mn фэйсбүүк хаягаас авав/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!