Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хагас дайчилгааг зарлажээ.
Хагас гэдэг нь армийн бэлтгэл хүчийг буюу зөвхөн цэрэгт алба хааж байсан иргэдийг дайчлахаар болсонтой холбоотой нэр томьёо юм байна.
Дайчилгааны зорилгыг Путин “эх орон, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн ардын аюулгүй байдлыг хамгаалах” гэж тодорхойлжээ. Тэрбээр энэ үеэрээ бас Өрнөдийн орнуудыг сүрдүүлсэн байна.
“Хэрвээ манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулбал эх орон, ард түмнээ хамгаалахын тулд бид байгаа бүх боломжоо ашиглана. Энэ бол хоосон яриа биш. Эх орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаална. Байгаа бүх боломжоо ашиглана гэдгийг би давтан хэлье. Биднийг цөмийн зэвсгээр сүрдүүлэхийг оролдож байгаа этгээдүүд салхи өөрсдийг нь чиглэхийг мэдэж байвал зохино” гэж тэр анхааруулжээ.
Путин бас Украины газар нутгийн Оросын хяналтад байгаа хэсэгт амьдарч буй хүмүүс “нео-Нацистуудын дөнгөн дор байх” хүсэлгүйг хэлсэн байна.
Түүний мэдэгдсэнээр цэргийн хагас дайчилгааны зарлигт гарын үсэг зурсан ба өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа гэнэ.
Украин дахь "цэргийн тусгай ажиллагаа"-ныхаа зорилгыг Донбассын бүс нутгийг чөлөөлөх гэж Путин тодорхойлсон юм.
Тэр бас улсынхаа зэр зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зарлиг гаргаснаа мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!