Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

П.Сайнзориг: Үндэсний их баяр наадмын тавын даваанд унасан, улсын цолтой бөхөөс допинг илэрсэн. Нэрийг нь зарлах боломжгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуны талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсний их баяр наадамд тодорхой амжилт үзүүлсэн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний сүүлийн хариу өнгөрсөн Баасан гарагт ирсэн.

Өмнө нь Үндэсний их баяр наадамд тав ба түүнээс дээш давсан бөхчүүдээс дээрх шинжилгээг авдаг байсан бол энэ жил дөрөв ба түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан буюу баяр наадамд барилдсан 1,024 бөхийн 64 нь допингийн шинжилгээнд хамрагдсан. Мөн 16 харваачаас шинжилгээ авсан бөгөөд нийт 80 хүний шинжилгээг VADA-д итгэмжлэгдсэн БНСУ-ын лаборатори руу явуулсан.

Ингэхэд допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн 63 нь допинг хэрэглээгүй бол нэг бөх допинг хэрэглэсэн гэх хариу ирсэн.

Тухайн допинг илэрсэн бөх нь тавын даваанд унасан. Иймд бөхчүүдийн цол, эрэмбийн дэс дараалалд өөрчлөлт орох асуудал энэ удаа гарахгүй.

Энэ бөхийн нэрийг хэлэх боломжгүй бөгөөд бид шинжилгээний хариуг биечлэн танилцуулж В сорьцын шинжилгээнд орох эсэхийг нь хувь тамирчнаас асууж, В сорьц өгөхгүй буюу шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд олон нийтэд нэрийг нь мэдээлнэ.

Тухайн тамирчин В сорьц өгөх эсэх хариугаа есдүгээр сарын 1-нээс өмнө хэлэх ёстой. Хэрэв В сорьц өгнө гэвэл тухайн шинжилгээний хариу гартал олон нийтэд мэдээлэх боломжгүй. Шинжилгээний хариу эцэслэгдсэн тохиолдолд зохих журмын дагуу хариуцлагын асуудал яригдана" гэлээ.

Мөн тэрбээр "Допинг хэрэглэсэн тухайн бөх нь улсын цолтой" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.