ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ариунаа: Монгол Улсын хүн амын 2020 оны тооллогоос харахад Тува үндэстэн 2,300 болсон мэдээлэл байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тува үндэстний хэл, соёлын асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг өнөөдөр Холидэй Инн зочид буудалд боллоо. Тус хэлэлцүүлгийг Хүний Эрхийн Үндэсний Комисс, Боловсрол эвсэл, "Тува ээж" ТББ, Чинагийн Галсан сан хамтран зохион байгуулав. 

Энэ үеэр "Тува ээж" ТББ-ын тэргүүн А.Ариунаа тува хэл, соёлын асуудлаар мэдээлэл өгсөн юм. 

Монгол Улсын хэмжээнд үндэстний цөөнхийн хамгийн том төлөөлөл нь Казах, Тува, Цаатан үндэстэн байдаг. Хүн амын 2020 оны тооллогоос харахад Тува үндэстэн 2,300 болсон мэдээлэл байна. Гэхдээ зарим тоо мэдээлэлд дурдсанаар 5,000 орчим Тува үндэстэн байна гэх баримжаа бий.  
Аливаа үндэстний хэлээр 100,000 хүн ярьж байж тухайн хэл оршин тогтнодог гэж үздэг. Тиймээс ч тува хэлийг цөөн хүн хэрэглэдэг учраас уусаж, устаж үгүй болох мөхөл дээр ирсэн хэмээн хэл шинжлэлийн эрдэмтэд хэлж байна. Хэл соёлоо хадгалах, соёл зан заншилтайгаа холбож үр хүүхдэдээ дамжуулж үлдээх нь бидний зорилго.
Одоогоор Монгол Улсад цорын ганц тува сургууль байна. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хоёрдугаар сургууль нь монгол, тува буюу хос хэл үзэж судалдаг.  Өөрөөр хэлбэл, тува хүүхдүүд хос хэлээр боловсрол эзэмшиж байна гэсэн үг.
Гэтэл Ховд аймгийн Буянт сумын хүүхдүүд, Хөвсгөлийн Цагаан нуурт байгаа хүүхдүүдийн хувьд эх хэлээ судлах асуудал орхигдож байгаа. Мөн төвийн бүс, бусад аймаг сумын хүүхдүүдэд ч ийм асуудал тулгарч байна. 

Мөн "Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын цорын ганц тува сургуулийн бага ангийн сурах бичгийг тува хэлээр хэвлэсэн байдаг. Гэхдээ энэ ном нь сурах бичгийн статусаар бус гарын авлага хэлбэрээр хэвлэгдэн гарсан. Гарын авлагыг сурах бичиг шиг жил болгон сайжруулж боловсруулдаггүй.Ийм дутагдалтай. Тиймээс Боловсрол Шинжлэх Ухааны Яаманд сурах бичгийн статуст оруулж өгөх саналыг дэвшүүлж байгаа" хэмээн ярилаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Гансүх "Баян-Өлгий аймгийн хоёрдугаар сургуульд 270 орчим хүүхэд суралцаж байгаа. Нэгдүгээр ахлах сургуульд 150 хүүхэд суралцаж, тува хэлээ үзэх боломж бүрдэж байна.

Хэдийгээр хос хэлний сургалтын төлөвлөгөөгөөр явж байгаа ч зөвхөн нэгдүгээр ангийн сурах бичгүүд тува хэл дээр орчуулагдсан. Харин хоёрдугаар ангиас эхлэн үндэсний хэмжээний хөтөлбөрөөр суралцдаг. Анги ахих тусам тува хэл үзэх цаг нь багасаж байна" хэмээн ярилаа.