НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын дээд хэмжээний уулзалт Бүгд Найрамдах Кот Д’Ивуар Улсын Абиджан хотноо 5 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд боллоо.
Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Монгол Улсын төлөөлөгчид бага хурлын дээд хэмжээний болон Сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио болон нарийн бичгийн газрын төлөөлөлтэй уулзав.
Энэ үеэр Монгол Улсын төрийн тэргүүний мэндчилгээг уламжилж, Монгол Улсаас олон улсын өмнө ойн хомсдол, доройтлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд авсан амлалтуудын хэрэгжилтийг танилцууллаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу Монгол Улс тус конвенцын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ уламжилж, яриа хэлэлцээ хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын Дээд түвшний уулзалтад оролцсоны мөрөөр хийхээр төлөвлөсөн ажлууд, цөлжилт, газрын доройтол, ойжуулалт, нөхөн сэргээлтийн талаар олон талт уулзалт хийв.
Бага хурлын нэгдсэн хуралдаанаар конвенцид нэгдсэн улсуудын Засгийн газрууд Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур болох байгаль орчны асуудлуудаар ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улс зохион байгуулахыг дэмжин батлав.
Энэ удаагийн бага хуралд конвенцид нэгдэн орсон дэлхийн 196 орноос 189 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд, дэд сайд тэргүүтэй 7,000 орчим төлөөлөл оролцжээ.
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлыг хоёр жил тутам зохион байгуулдаг. Энэ хүрээнд конвенцын хэрэгжилтийн явцын тайлангууд болон бодлогын шийдвэрүүдийг батлан, конвенцид нэгдсэн улс орнуудад тодорхой чиглэлүүдээр хийх ажил, үүргийг хүлээлгэдэг юм.
ТАЛУУДЫН БАГА ХУРЛУУД:
СОР 16: 2024 онд Саудын Арабын Хаант Улсын Рияд хот, СОР 17: 2026 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!