Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Макларен багийн шилдэг 10 нисгэгч: Эммерсон Фиттипалди

М.Солонго
2013 оны 12 сарын 20
iKon.MN

- Цуврал -

Жагсаалтын 5. Эммерсон Фиттипалди

Эммерсон Фиттипалди

Формула 1 уралдааны дэлхийн хоёр удаагийн аварга “Эммо” хочит Эммерсон Фиттипалди нь Макларен багийн шилдэг 10 нисгэгч жагсаалтын 5 дугаар байранд жагсжээ. Түүний гэр бүлийхэн бараг бүгд авто спортын хүмүүс байдаг аж.

Түүний аав Уилсон Фиттипалди нь Бразилийн нэрт авто спортын сэтгүүлч мөн Формула 1-н тайлбарлагч байсан бол түүний ах бага Уилсон Фиттипалди нь Формула 1-н нисгэгч мөн багийн эзэн юм. Авга ах Кристин Фиттипалди нь Картинг, Наскар болон Формула 1-д уралддаг байжээ.

25 настайдаа дэлхийн аварга болжээ

Түүний авто спортын карьеер бусад нисгэгчдийн л адил Картинг болон Формула Вее ангиллаас эхэлжээ. Мөн Эммерсон сайн нисгэгч болохын тулд 23 насандаа Английг зорин домогт нисгэгч Жим Расселийн сургуульд суралцан агуу нисгэгч болох замнал нь эхэлсэн гэдэг. 

Фиттипалди Формула 1-т Австри нисгэгч Жошен Риндтын дэмжлэгтэйгээр 1970 онд Лотус багийн 3 дугаар нисгэгчээр хөл тавьжээ. Гэвч багийн лидер нисгэгч Жошен Риндт Монзагын Гран Пригийн үеэр ослоор нас барж мөн багийн хоёр дахь нисгэгч Жон Миллес багаа орхиод явчихав. Үүгээр Фиттипалди үндсэн багт уралдах болж тэр улиралдаа дэлхийн аваргын зургаадугаар байранд орсон байна.

1972 оны улирал Эммерсон 11 уралдааны 5-д нь түрүүлж дэлхийн аварга нисгэгч Жаки Стьюартаас 16 онооны зөрүүтэйгээр 25 настайдаа дэлхийн аварга болжээ. Энэ нь Ф1 н түүхэнд хамгийн залуу дэлхийн аварга болсон байна.

дэвшилтэт машин болох М23-г унан гурван гараанд түрүүлж дөрвөн удаа шагналын тавцан дээр гарсан амжилтыг үзүүлээд байв

Эммерсон 1974 онд Лотусаас Макларенд ирэв. Макларен дэвшилтэт машин болох М23-г унан гурван гараанд түрүүлж дөрвөн удаа шагналын тавцан дээр гарсан амжилтыг үзүүлээд байв. Аргентин нисгэгч Клей Регаццони тэр хоёрын оноо хэт ойрхон байсан ба дэлхийн аваргын сүүлийн гараанд хэн түрүүлсэн нь дэлхийн аварга болох байлаа.

Гэвч Аргентин нисгэгчийн машин нь эвдрэн уралдаанаас гарсанаар Эммерсон Америкийн гараанд дөрөвдүгээр байранд орж өрсөлдөгчөөсөө 2 онооны илүүтэйгээр хоёр дахь удаагаа дэлхийн аварга болжээ. Дараа улирал нь ч тэрээр сайн уралдсаар дэлхийн аваргын дэд байранд орсон байна. Гэтэл Фиттипалди 1976 онд Макларенаас яван ах Уилсоны ивээн тэтгэсэн баг болох Fittipaldi Automotive багийг зорьсон нь хүн бүрийг гайхшруулсан шийдвэр байв. 

Энэ нь дэлхийн хоёр удаагийн аварга нисгэгчийн хувьд дэндүү буруу шийдвэр байсан ба таван улирлыг ямар ч амжилтгүй өнгөрүүлсэний эцэст 1980 онд Ф1-г орхих болсоноо зарласан байна. 

Хамгийн сонирхолтой нь Фиттипалди дөрвөн жилийн дараа авто спортдоо эргэн ирсэн ба энэ удаа Ф1 биш Картингийн уралдаан байв. Тэрээр Картингаас гадна Инди кар болон Индианнаполис 500 гэх уралдаануудад мөн амжилттай уралдсан байна. Эммерсон 2008 онд 62 настайдаа өөрийн анх Уилсонтай хамт Бразилийн ЖТ3 уралдаанд оролцжээ.

Товч танилцуулга:

  • Төрсөн огноо: 1946 оны 12 сарын 12 / 66 настай /
  • Яс үндэс: Бразил
  • Идэвхтэй он: 1970-1980
  • Баг: 1970-73 Лотус
  • 1974-75 Макларен
  • 1976-1980 Фиттипалди
  • Уралдаан: 149
  • Дэлхийн аварга : 2 удаа (1972,1974 )
  • Түрүү: 14
  • Шагналын тавцан: 35
  • Нийт оноо: 281
  • Байрлал тогтоох: 6
  • Хурдан тойрог: 6
  • Анхны уралдаан: 1970 оны Английн Гран при
  • Анхны ялалт: 1970 оны Америкийн Гран при
  • Сүүлийн ялалт: 1975 оны Английн Гран при
  • Сүүлийн уралдаан : 1980 оны Америкийн Гран при.