Турк болон Солонгос улсад үс шилжүүлэн суулгах чиглэлээр суралцаж Монголдоо үс шилжүүлэн суулгах мэс заслыг олон улсын стандартын дагуу хийж буй “Stellar Hair & Skin clinic”-ийн эмч А.Бямбадоржтой үс халзрал, түүний эмчилгээ, учир шалтгаан зэргийн талаар тодруулж ярилцлаа.
- Сайн байна уу. Цаг гаргаж бидэнтэй ярилцах болсонд баярлалаа. Үс халзрал олон хүний санааг зовоосон асуудал гэдэгтэй хүмүүс санал нийлэх байх. Үс халзрал Монголд их байна уу. Үс халзралын шалтгааны талаар та мэдээлэл өгөөч. Яагаад халзардаг юм бэ?
- Үс халзралын сүүлийн үед ихсээд байгаа юм биш, эрт дээр үед ч байсан, байсаар ч байх зүйл л дээ. Жишээ нь гэхэд дээр үед овог аймгийн ахлагчаар халзан хүмүүс их сонгогддог байсан байгаа юм. Эр зориг, хүч чадал ихтэй учир тэр байсан байх. Харин энэ эрэмгий байдал нь эр гормонтой холбоотой байдаг бөгөөд хүнд эр гормон давамгайлах үед үс халзрах магадлал өндөр. Яг ч гормоны хэмжээнээс шууд хамаараад байгаа юм биш, үүнийг даган үүсдэг дигидротестостерон гэх дааварт үсний уутанцар мэдрэг байх нь үс ургалтын циклийг аажмаар богиносгоод байгаа юм. Үс халзрал ихэвчлэн насанд хүрсэн хүмүүст элбэг тохиолддог. Үс унах маш олон шалтгаан байдаг ч үндсэндээ цөөн хэдэн түгээмэл шалтгаанууд ихэнх тохиолдлыг эзэлдэг. Залуучуудын хувьд үс халзарч эхлэхэд овор нэмэгдээд, гоо зүйн хувьд ч тэр, сэтгэл санааны хувьд ч тэр хямардаг. Ингэснээр байгаа байдлаасаа ичиж санаа зовох, байнга толгойгоо далдлах, малгай өмсөх болдог. Өмнө нь над дээр 40 орчим настай, үс нь нэлээн халзарчихсан хүн үс суулгуулах гээд ирж байсан. Хүүхдийнхээ эцэг эхийн хуралд очтол ангийнх нь хүүхдүүд “танай өвөө юм уу” гэж хэлсэн нь санааг нь ихээр зовоосон юм билээ. Хүн бүр л залуу сайхан харагдахыг хүсдэг шүү дээ.
- Ихэвчлэн ямар шалтгаанаас болж үс унаж байна?
- Үс халзралын зэргийг тодорхойлох тодорхой хэдэн аргачлалууд байдаг. Жишээ нь үс халзралын хэлбэрээр эрэгтэйчүүдийг ноорвүүдийн, эмэгтэйчүүдийг лүүдвигийн гэх хэмжүүрээр үнэлдэг. Үс уналт ихэвчлэн удмаа дагадаг. Жишээ нь аав нь халзан бол хүүхдүүд нь халзан болох магадлалтай. Зарим хүмүүс хөгширсөн ч үстэй хэвээр байдаг. Эдгээр хүмүүсийн генд үс унадаг гэсэн мэдээлэл байхгүй учраас ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэн үстэй хэвээр байдаг. Тэгэхээр үс нь унаж байгаа хүн өөрийнхөө аавыг, эсвэл өвөөг үс нь унадаг байсан эсэхийг мэдчихвэл аль хүртэл явах вэ гэсэн баримжаа гарч ирнэ. Зөвхөн аавын талыг гэхгүйгээр ээжийн талыг ч дагаж болно. Жишээ нь ах дүү гурван хүний хоёрынх нь үс унахад үлдсэн нэг нь үстэй хэвээр ч байж болно. Үс уналт эхэлчих л юм бол эмчилгээ зайлшгүй шаардлагатай.
“Эрчүүдийн үс халзралын 90% нь ямар нэгэн эмгэг бус генээс шалтгаалсан байдаг”
- Удам дамжихаас өөр шалтгаан бий юу. Байвал ямар тохиолдлууд ихэвчлэн байдаг вэ?
- Бие болон сэтгэл санааны стресст өртөх, бамбай булчирхайн үйл ажиллагаа, эрдэс минералын дутагдал, хавдрын дараах туяа, химийн эмчилгээ зэргийг хийлгээд үс нь унасан ч хүн байж болно. Жишээ нь Солонгос, Японд халзан хүмүүс их байдаг. Тэр нь үндсэндээ гормоны шалтгаант үс уналт. Үс уналтыг оношилбол androgenetic alopecia гэсэн код байгаа. Энэ онош нь олон шалтгаанаас болж сэдэрч болно. Үүн дотор стресс, ус солигдох, агаар солигдох зэрэг ордог. Дан ганц стрессээс шалтгаалсан үс уналтууд байгаа. Жишээ нь төрсний дараах үс уналт эмэгтэй хүн болгонд явагддаг. Учир нь төрөх үйл явцад гормоны өөрчлөлт явагдах үед эх өөрт хэрэгтэй шим тэжээлээ ураг руугаа шилжүүлдэг. Тэр үед эхийн эрдэс минерал болон гормоны тэнцвэр бүгд алдагдан хэрэгтэй шим тэжээлээ гээж эхэлдэг. “Энгийнээр хэлбэл хүний бие организм маш нарийн ухаалаг ажилладаг учраас биеийн болон сэтгэл санааны стресст өртсөн үед хэмнэлтийн горимд шилжиж амин чухал бус үйл ажиллагаануудыг түр зогсоож эхэлдэг. Үүнд үс хамаарна. Хүний биед эрдэс амин дэм дутагдахад хамгийн түрүүнд үсэнд илэрдэг. Харин буцаад хэвийн байдалд орох үед үс нь ургачихдаг. Удамшлын шалтгаант үс уналт бол үсний уутанцар багассаар байгаад гялайж халзардаг. Нэгэнт халзарсан тохиолдолд үс шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээгүй болдог. Харин үсийг эрт оношилж нөхөн сэргээх, хамгаалах эмчилгээ хийвэл үс шилжүүлэн суулгах хүртэл даамжрахаас өмнө эмчилж болдог. Тэгэхээр аль төрлийн үс уналт вэ гэдгийг мэргэжлийн эмчид үзүүлээд түүндээ тохирсон арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй.
- Нэгэнт халзарсан хүн хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авбал зохимжтой вэ?
- Үс уналтад тарилгууд, уудаг эм, түрхлэг болон лазер гэсэн батлагдсан цөөн хэдэн төрлийн эмчилгээ байгаа. Ямар эмчилгээ хийлгэхээ мэргэжлийн эмчид зөв оношлуулаад тохирсон арга хэмжээ авах нь чухал. Хүний үс өдөрт дунджаар 100-150 ширхгээр унадаг. Энэ нь хэвийн үйл явц. Бага багаар үс нь унаж буй хүмүүс эхэндээ анзаардаггүй. Харин аль хэдийн үснийхээ 30%-ийг алдсан үедээ анзаарч эхэлдэг. Жишээ нь эмэгтэйчүүд анх үсээ боодог байхад өтгөн байсан одоо их шингэхэн болчихлоо гэдэг. Эрэгтэйчүүдийн хувьд урд талаасаа хойшоо унаж эхэлдэг. Ихэвчлэн толгойн хоёр хажуу тал болон дагзны хэсгийн үс унадаггүй. Тэгмэгц хүмүүсийн бодолд хамгийн түрүүнд шампунь буудаг. Нөгөө талаас үс уналтын эсрэг шампунь гэх мэтээр маркетинг их хийдэг нь ч нөлөөлдөг байх. Тэгснээрээ хугацаа л их алддаг. Шампуниар үс уналтыг эмчилдэггүй гэдэг нь анагаах ухаанаар аль хэдий нь батлагдчихсан. Зарим улс оронд гоо сайхны бүтээгдэхүүнээ үс уналтын эсрэг гэх мэтээр сурталчлахыг хуулиар хориглочихсон байдаг. Трихологийн салбар хөгжихийн хэрээр олон судалгаа явж байгаа шүү дээ. Жишээ нь америкийн Food and Drug Administration гэх байгууллага нь хүмүүст ямар эмчилгээ тохирохыг туршиж үзээд баталгаа өгдөг. Тийм байтал хүмүүс өөрсдөө мэдэж шампунь хэрэглэдэг. Яах вэ үсийг чийгшүүлэх ч юм уу зарим нэг төрлийн бүтээгдэхүүнүүд үсэнд хэрэг болдог. Гэхдээ яг эмчилгээ болж чадахгүй. Стресс болон минералын дутагдлын шалтгаант үс уналт нь бүх хэсгийг хамардаг. Гэхдээ буцаад сэргэдэг. Эмчилгээ хийлгэх эдгээр шатаа өнгөрчихвөл үс суулгахаас өөр аргагүй.
- Үс суулгах үйл явцын талаар яривал?
- Үс суулгалтыг 1900-гаад оноос хийж эхэлсэн. Одоогоор олон улсад FUE(Follicular unit extraction) болон FUT(Follicular unit transplantation) гэсэн хоёр төрлийн хагалгаа хийж байгаа. FUT нь донор хэсгээс буюу толгойн гурван талын үс унадаггүй хэсгээс мэс заслын аргаар хуйхыг нь авч, үлдсэн шархыг оёж цэгцлээд авсан хуйхнаасаа суулгах бэлдцүүдээ бэлдээд суулгадаг. FUE нь үсийг ширхэг ширхгээр авч суулгадгаараа ялгаатай. Энэ төрлийн мэс ажилбар нь зөвхөн арьсны түвшинд хэсгийн мэдээ алдуулдаг учраас хөнгөндөө ордог. FUE болон FUT хоёр арга нь хугацааны хувьд өөр. Жишээ нь FUE нь хэдэн ширхэг үс орохоос шалтгаалан дунджаар 5 цаг үргэлжилдэг. FUT нь хугацаа бага шаарддаг хэдий ч арчилгаатай бөгөөд дараа нь зовуурь ихтэй.
- Хөмсөг, сахал зэрэг бусад хэсэгт үс суулгах боломжтой юу?
- Механикаар үсний уутанцрыг ойр орчмынх нь эдтэй нь цуг шилжүүлэн суулгаж байгаа учраас хаана ч суулгасан ургах боломжтой. Эсрэгээрээ хаана ч байгаа үсний ургалтыг гэрлийн аргаар зогсоох бас боломжтой.
- Суулгасан үс ургахдаа хэр хугацаа шаарддаг вэ. Ялгарч харагддаг уу?
- Үс суулгаснаас хойш нэг сар гам барих ёстой. Үсээ бүрэн ургаж дуустал заасан хугацаанд эмчийн хяналтад орно. Харин үр дүн нь 6 сарын дараагаас мэдэгдэж эхэлдэг. Жилийн дараагаас бодит үр дүн харагдана. Авсан үс яг тэр чигээрээ л ургана. Донор хэсгээсээ хэрхэн авах, уутанцрыг хэр зэрэг гэмтээхээс шалтгаалаад ургахгүй байх тохиолдол ч бий. Мэс ажилбар амжилттай болох магадлал 70-90 хувь гэж үздэг. Гэхдээ ялгарч харагдах уу, ургах уу, үгүй юу гэдэг нь хийж байгаа эмчийн ур чадвар, туршлагаас л хамаарна. Өөрийн үсийг өөрт нь хийж байгаа учраас нэг суулгасан үс яг л өөрийн үс шиг ургана.
“Өөрийн үсийг өөрт нь хийж байгаа учраас нэг суулгасан үс яг л өөрийн үс шиг ургана.”
- Манай улс энэ мэс заслыг олон улсын түвшинд хэр амжилттай хийж байгаа вэ. Улсдаа хийлгэвэл давуу тал нь юу вэ?
-Турк бол олон улсын хувьд хамгийн их үс суулгаж байгаа орон. Монголд энэ төрлийн мэс засал хийгдэж эхлээд 5-6 орчим жил болж байгаа. Стандарт нь яг л адилхан учраас бусад улстай ижил түвшинд хийх чадамжтай болчихсон. Улсдаа үс суулгуулбал мэс заслын дараах хяналтыг маш сайн хийлгэх боломжтой. Манай эмнэлгийн хувьд суулгасан үсний ургах баталгааг сертификатаар олгодог. Гадагшаа явж үс суулгавал нэг удаа л явж хийлгэчхээд ирнэ. Дараа дараагийн хяналтыг хийлгээд байх хэцүү.
- Та энэ чиглэлээр хэдэн жил эмчилгээ хийж байгаа вэ. Таны хийсэн эмчилгээний үр дүнг харах боломжтой юу?
- Яг энэ трихологийн салбарыг судлаад, эмчилгээ хийгээд 4 дэх жилдээ явж байна. Манай үйлчлүүлэгчид үс шилжүүлэн суулгах ажилбарт орсноо тэр бүр зарлаад байдаггүй. Ер нь гоо заслын эмчилгээнүүдэд нууцлал гэж байх ёстой. Үс халзрал хэнийг ч ялгалгүй тохиолддог. Хийсэн эмчилгээ үр дүнтэй болж зарим нэг үйлчлүүлэгч маань зурагтаар сэтгэл дүүрэн гарч байхыг харах сайхан байдаг.
- Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.