"Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн постыг ОХУ-ын Элчин сайдын яам албан ёсны фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн.
Энэхүү мэдээлэл нь олон нийтийн шүүмжлэлд өртөхийн зэрэгцээ, Ардчилсан намаас мэдэгдэл гаргаад буй.
Мэдэгдэлд "Монгол Улс нь 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлоготой, бүрэн эрхт тусгаар тогтносон улс гэдгээ олон улсад зарлан тунхагласан ардчилсан улс билээ.
Ардчилсан намын мянга мянган гишүүд баруун, төвийн үзэл дээр сайн дураар эвлэлдэн нэгдсэн бөгөөд энэхүү үзэл санаа нь аль нэг улсын ноёрхол биш, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох эрх чөлөөнд суурилсан үзэл санаа билээ. Иймд АН уг мэдэгдлийг бүхэлд нь Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал хэмээн үзэж байна. Өөрсдийн бүдүүлэг үйлдэлдээ АН-ын гишүүдээс уучлал гуйж, тайлбар хийхийг шаардаж байна" гэжээ.
Тэгвэл ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын дотоод хэрэгт оролцсон, Венийн конвенцыг зөрчсөн гэдгийг үгүйсгэсэн тайлбарыг орос хэл дээр өнөөдөр нийтэлсэн байна.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Гадаад харилцааны яам ноот бичиг илгээнэ хэмээн өчигдөр мэдээлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!