Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад гадаадын 4,537 иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын нөхцөл байдал намжиж, халдварын тохиолдол буурсантай холбоотойгоор энэ оны хоёрдугаар сарын 14-ны өдөр Монгол Улс хилээ нээж, вакцины бүрэн тунтай жуулчдад нээлттэй орон болсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарласан.

Энэ үеэр тэрбээр "Вакцинд хамрагдаж чадаагүй байсан ч Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах боломж нээлттэй гэдгийг зарлаж байна " хэмээн мэдэгдсэн юм.

Иймд тус өдрөөс хойш гадаадаас хэчнээн иргэн Монголд ирсэн болон хэдэн гадаад иргэн манай улсад вакцинд хамрагдсан болохыг холбогдох эх сурвалжуудаас тодруулав.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 4,537 гадаадын иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байсныг ЭМЯ-ны Нийтийн ЭМ-ийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд хэлэв.

Энэ нь вакцины бүрэн тун буюу коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгэсэн 2,173,135 иргэний /2022.03.03-ны өдрийн байдлаар/ 0.2 хувийг эзэлж байна.

Харин аль улсын хэчнээн иргэн ямар вакцин хийлгэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгөх боломжгүй гэлээ.

 

Түүнээс гадна манай улс бүх хязгаарлалтын арга хэмжээг цуцалж, гадаадын иргэдэд нээлттэй болохоо зарласнаас хойш нийт 2,882 гадаад зорчигч хилээр орж иржээ. Үүний дийлэнх хувийг ОХУ-ын иргэд эзэлж байна.

ХХЕГ-ын эх сурвалжийн өгсөн мэдээллээр, хоёрдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 3-ны өдрийн хооронд улсын хилээр 32,911 зорчигч нэвтэрсэн. Үүнээс хилээр орж ирсэн нь 13,304 бол 14,285 зорчигч хилээр гарсан байна.

Дээрх хугацаанд манай улсад нийт орж ирсэн зорчигчдын 2,882 нь гадаад иргэн бол хилээр гарсан зорчигчдын 2,440 нь гадаад иргэн байсан бөгөөд дийлэнх нь ОХУ-ын иргэд байжээ.

Тодруулбал, Монгол Улсын хил гаднын иргэдэд нээлттэй болсныг зарласнаас хойш өчигдрийг хүртэлх хугацаанд ОХУ-ын нийт 1,020 иргэн орж ирсэн нь мөн хугацаанд хилээр нийт нэвтэрсэн гаднын зорчигчдын 35.3 хувийг дангаараа эзэлж буй хэрэг аж.

Түүнчлэн ОХУ-ын 879 иргэн хилээр гарсан нь манай улсын хилээр гарсан гадаадын нийт зорчигчдын 36 хувийг эзэлжээ.

Ташрамд дурдахад, хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Монгол Улсад 123 улсын 16,389 гадаад иргэн оршин сууж байна.