Ямар гараг дээр амьдрал орших магадлалтай талаар судалгааны тайлан нийтлэгджээ
Амьдрал байх боломжтой гарагийн хэмжүүр үзүүлэлтийн талаар сонирхолтой судалгааны тайлан энэ долоо хоногт Nature шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.
Судалгааг Рочестерийн их сургуулийн байгаль, дэлхий судлалын дэд профессор Мики Накажима удирдсан байна.
Уг судалгааны дүгнэлтээр бол манай дэлхийн сар шиг дагуул амьдрал үүсэхэд чухал нөлөөтэй гэнэ. Тухайлбал сар далайн түрлэг үүсгэснээр манай гарагийн амьд организмын амьдралын тойрог давтамжийг бий болгодог байна. Бас дэлхийн эргэлтийг тогтворжуулснаар уур амьсгалыг ч бас тогтвортой болгодог гэж дүгнэжээ.
Энэ хоёр хүчин зүйлийн нөлөөгөөр дэлхий дээр амьдрал үүссэн гэж үзсэн байна.
Харин сар шиг дагуултай болохын тулд гарагууд хэтэрхий том хэмжээтэй байх боломжгүй гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл харь гарагийн амьдралыг дэлхийтэй ойролцоо хэмжээтэй гарагуудаас хайх нь илүү оновчтой гэж тайлбарласан байна.
“Сар яаж үүссэнийг ойлгох нь амьдрал агуулсан дэлхий шиг гарагийг хайж олоход чухал түлхэц болно” гэж Накажима тайландаа бичжээ.
Хэрвээ дэлхийгээс хэд дахин том хэмжээтэй гараг сансрын өөр нэг биеттэй мөргөлдвөл үр дүнд нь үүссэн хэлтэрхийнүүд бүрэн уурших бөгөөд эндээс сар шиг хатуу гадаргатай дагуул бүрэлдэн бий болох боломжгүй гэнэ. Харин жижиг хэмжээтэй гарагуудын мөргөлдөөн хүч багатай тул хэлтэрхийнүүд бүрэн ууршиж чадахгүй ажээ.
Манай дэлхий нь 4.5 тэрбум жилийн өмнө Ангараг шиг хэмжээтэй биеттэй мөргөлдсөний үр дүнд сар бий болсон гэж үздэг. Энэ үед мөргөлтөөс үүссэн хэлтэрхийнүүд бүрэн ууршиж чадаагүй учраас дэлхийн тойрог замд хуримтлагдсаар сар үүссэн гэж дүгнэдэг байна.
Эх сурвалж: Nature
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
