Гал түймрийн аюулаас сэргийлэх зөвлөмж
Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар ахуйн гал түймрийн 410 удаагийн дуудлага бүртгэгджээ. Гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иймд сар шинийн баяр, амралтын өдрүүдэд:
- Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах,
- Халуун цогтой үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
- Гэмтэлтэй цахилгааны утсыг ашиглахгүй байх, цахилгааны утас болон уртасгагчны ачааллыг хэтрүүлэхгүй байх,
- Бага насны хүүхдийг асран хамгаалагчгүйгээр үлдээхгүй байх,
- Чүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвших,
- Шашны зан үйл хийх, зул барих, ялангуяа нэг удаагийн зул өргөсөн үедээ гэрээ эзэнгүй орхихгүй байх, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас сар шинийн баяр амралтын өдрүүдэд тохиолдож болзошгүй гал түймэр, угаарын хийн хордлого, ахуйн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, мэдээлэл сурталчилгааны нэгдсэн арга хэмжээг гэр хорооллын 17 хороонд зохион байгууллаа.
Арга хэмжээнд 17 хорооны 8,408 айл өрхийг хамруулж, үзлэг шалгалтаар галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 4,079 зөрчлийг илрүүллээ.
Газар дээр нь 440 зөрчил буюу 10.7 хувийг арилгуулж, гал түймрийн аюул, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх гарын авлага тараах материалыг тарааж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажилласан юм.
Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид, Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо, хороодын ажилтан, хэсгийн ахлагч нар хамтран ажиллажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
