Паралимпын наадамд оролцож буй манай тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүллээ.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон А.Мөнхбат эхний даваанд Австралийн У.Фиппсийг цэвэр ялж, шөвгийн наймд үлдсэн. Гэвч дараа нь Украины жүдоч, энэ жиндээ дэлхийн чансааг тэргүүлж буй Д.Хоравад үүрэх мэхэнд нь цэвэр ялагдсанаар дагаж барилдахаар болов. Тэрбээр дагах барилдаанд Японы Южиро Сетотой таарсан бөгөөд түүнийг хожвол хүрэл медалийн төлөө хүч сорих юм.
Мөн эрчүүдийн 60 кг-д зодоглосон С.Ядамдорж Гүржийн З.Зурабианиг цэвэр ялж гараагаа сайхан эхлүүлсэн ч Казахстаны А.Сариевт вазаригаар дийлдлээ. Тэрбээр одоо дагах барилдаан хийх бөгөөд өрсөлдөгч нь хараахан тодроогүй байна.
Түүнчлэн өнөөдөр байт харваачид тэмцээнээ эхлүүллээ. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваанд Д.Сэлэнгэ 461 оноогоор 23-т бичигдэв. Тэрбээр есдүгээр сарын 2-нд шөвгийн 16-д үлдэхийн төлөө Польшийн М.Олзевскатай халз харвана гэж МҮОХ-ноос мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!