ЭМЯ-ны долоо хоног бүрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Дельта хувилбарын илрэх хувийн талаар мэдээлэл өгнө үү?
Л.Энхсайхан: -Баян-Өлгийн аймгаас ирүүлсэн 20 сорьцын 16-д дельта хувилбар илэрсэн. Мөн СХД-ийн эерэг хариунуудын 50 орчим хувьд дельта хувилбар илэрсэн байгаа. Өнөөдөр илэрч байгаа 1,800 орчим тохиолдлын 50-аас дээш хувь нь дельта хувилбар байх магадлалтай.
Ер нь бол аль хувилбарын тархалтын үед нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээгээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүн дээр бид хөл хорио тогтоох гэхээсээ илүү өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ЭМЯ-наас байнга зөвлөж ирсэн зөвлөмжүүдийг дагах хэрэгтэй.
- Есдүгээр сарын 1-нээс танхимын хичээл эхэлж байгаа боловч эргээд удахгүй хөл хорио тогтоох байх гэсэн айдас иргэдийн дунд байна. Халдварын түвшин ямар хэмжээнд хүртэл хөл хорио тогтоох асуудал яригдах вэ?
Д.Баярболд: - Улаан болон улбар шар түвшинд танхимын болон зайн хэлбэрээр хичээллэнэ. Халдварын тархалт ямар түвшинд хүрэх нь эрсдэлтэй. Ямар ч байсан бид боломжийн түвшинд хүртэл танхимаар хичээллэх асуудлыг зохицуулахаар зөвлөмжийг өгч байгаа. Нэг сар хичээллээд хаагдана, хаагдахгүй гэдгийг хэлэхэд хэцүү. Гэхдээ халдварын тархалттай зэрэгцэн амьдарч, халдвараас сэргийлэх зөвлөмжүүдээ баримталж чадвал хүүхдүүдээ анги, танхимд нь хичээллүүлэх боломжоор хангана.
Сургууль дээр ангидаа халдвар хамгааллын дэглэмээ баримталсан ч гэртээ хариад аав, ээжтэйгээ уулздаг. Тиймээс эцэг эхчүүд маань гэр бүлдээ халдвар аваачихгүй байхад анхаарах хэрэгтэй.
Өмнө нь нийтэд нь сургууль, цэцэрлэгийг хаадаг байсан бол одоо халдварын түвшинтэй уялдуулаад явах бөгөөд ногоон түвшинд байгаа бүсийн сургууль, цэцэрлэг хичээлээ үргэлжлүүлээд явах боломж байгаа.
ВИДЕО ҮЗЭХ: /2021.08.20/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!