Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Пентагон 144 удаа UFO-г ажигласан ч тайлбарлаж чадсангүй

Т.Давааням, ikon.mn
2021 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Пентагоны төв байр

UFO буюу үл мэдэгдэх нисдэг биетийн талаар судалгааны тайлангаа Пентагон өчигдөр АНУ-ын Конгресст танилцуулжээ.

Ийм нисдэг биетүүдийн тухай мэдээлэл олон удаа тарсны дараа өнгөрсөн онд Конгресс тодорхой тайлбар өгөхийг Пентагонд даалгаж байв. Үүний дараа өнгөрсөн оны наймдугаар сард “Unidentified Aerial Phenomena Task Force” нэртэй ажлын хэсэг байгуулагдаж, UFO-гийн талаар мэдээллүүдийг цуглуулах, шинжлэх, ангилах, үүсэл гарлыг нь тогтоох ажлыг эхлүүлсэн юм.

Хоёр жилийн өмнө АНУ-ын агаарын зэвсэгт хүчин UAP (Unidentified Aerial Phenomena) гэж өөрийн нэрлэсэн үзэгдлийг бүртгэх, тайлагнах шинэ механизмтай болжээ. Өнгөрсөн хугацаанд ийм нууцлаг үзэгдлийн 144 тохиолдол бүртгэгдсэн байна.

Тэдгээрийн нэгээс бусдыг нь буюу 143-ыг нь юу гэж тодорхойлох, ямар ангилалд оруулахаа мэдэхгүй байгааг Пентагоны тайланд өгүүлжээ.

Эдгээрийг “харь гарагийн гаралтай гэх тодорхой баримт олдоогүй” гэсэн ч бас бүрэн үгүйсгээгүй байна.

Байж болох бусад хувилбаруудад Хятад, Орос зэрэг улсын технологи, агаарт үүссэн мөсөн талст буюу байгалийн үзэгдэл, АНУ-ын компаниудын нууц технологийн туршилт зэрэг багтжээ.

UAP үзэгдэл нь нислэгийн аюулгүй байдалд, цаашлаад АНУ-ын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болохыг тайланд өгүүлсэн байна.

Ажлын хэсэг цаашдаа илүү нарийн мэдээлэл цуглуулдаг тайлангийн  шинэ механизм боловсруулах, энэ зорилгоор нэмэлт төсөв мөнгө батлуулахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: BBC